Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг Баян-Өлгий аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-04 14:32:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нараар ахлуулсан шуурхай бүлэг өнөөдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ажиллалаа.

Тэрээр өнөө өглөө аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг зохион байгуулж орон нутгийн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудын талаар мэдээлэл сонслоо. Аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Б.Батбэлэг өөрийн танилцуулгадаа, энэ сарын 1-ний өдрийн байдлаар тус аймгийн 9959 толгой мал өөр аймгийн нутагт, 121741 толгой мал өөрийн аймгийн нутагт, 50244 толгой мал хилийн зурвас бүс нутагт, 685503 толгой мал улсын тусгай хамгаалалттай бүс нутагт тус тус отроор хаваржиж байна. Мөн өнгөрсөн өвөл цаг агаар олон жилийн дунджаас хүйтэн байснаас эхний хоёр сарын байдлаар 25384 толгой мал зүй бусаар хорогдож, 26241 толгой хээлтэгч хээл хаясан, Алтай, Алтанцөгц, Баяннуур, Буянт, Дэлүүн, Толбо сум бүхэлдээ, Бугат, Булган сумын зарим багууд, нийтдээ 60 гаруй багийн нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч малын зүй бус хорогдол нэмэгдэх, мал төллөлтөд хүндрэл учрах төлөвтэй байгаа гэлээ.

Аймгийн Онцгой комиссын удирдлагын зүгээс улсын Онцгой комиссын шуурхай бүлэгт улсын нөөцийн өвс тэжээлийг хаваржилт хүндэрсэн сумдын малчдад хөнгөлөлттэй үнээр олгох, импортоор авч байгаа хүчит багсармал тэжээлийн гаалийн татварыг чөлөөлүүлэх, ОХУ-аас өвс оруулах ажил зохион байгуулах, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Цэнгэл, Улаанхус сум, Өлгий сумын Хотгор багийн эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн авто машины гүйлтийн хугацаа дууссан тул улсын нөөцөөс авто машин олгох, хаваржилт хүндэрсэн сумдын малчдад тусламж үзүүлэх тухай олон улсын байгууллагуудад хүсэлт тавих зэрэг саналуудыг тавилаа.

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар Засгийн газрын хуралдаанаар Улсын нөөцөөс тус аймагт 700 тонн өвс, 480 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдад олгохоор шийдвэрлэснийг дуулгаж, харин түргэн тусламжийн машины асуудлыг Сангийн яам болон Эрүүл мэндийн яамд, импортоор орж буй тэжээлийг гаалийн татвараас чөлөөлөх, өвс импортлох асуудлыг Засгийн газарт тус тус уламжлахаа илэрхийллээ.

Харин ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле шинээр байгуулагдсан Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хорогдсон малын сэг зэмийг зохих ном журмын дагуу цаг алдалгүй устгуулах, үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх стратеги төлөвлөгөө боловсруулах, царцаатай тэмцэхэд шаардагдах хөрөнгө яамнаас шийдэгдсэн тул орон нутагт үр дүнтэй зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад даалгалаа.

Онцгой комиссын шуурхай бүлэг маргааш Увс аймагт ажиллах ажээ. 

Холбоотой мэдээ