Оюутны үндэсний тэтгэлэг 70 мянга төгрөгийг олгож эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-03-18 13:27:25

2015-2016 оны хичээлийн жилийн 9-12 дугаар сарын үндэсний тэтгэлгийн болзлыг хангасан оюутнуудын 70 мянга 200 төгрөг дансанд нь орж эхэлжээ. 

Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас болж Засгийн газраас тогтоол гаргаж “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр Бакалаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-оос доошгүй, Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй, Докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-оос доошгүй байсныг 3.5-аас доошгүй бол тэтгэлэг олгохоор болсон юм. Мөн 50 хувийн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш, 75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магистрант, докторантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш болгон тус тус өндөрсгөсөн.

Энэ шалгуурыг нийт 52 мянган оюутан хангасан бөгөөд сургалтын төрийн сангаас судалгаа гаргаж, өнгөрөгч 12 дугаар сард улирлаар нь тооцож тэтгэлэг олгохоор төлөвлсөн ч өнөөг хүртэл хойшилсон байсан юм.  

Харин Сангийн яамнаас арилжааны банкууд руу санхүүжилт хийснээр өнгөрөгч 7 хоногоос эхлэн улсын их, дээд сургуулиудын оюутнуудын дансанд тэтгэлэг нь орж эхэлсэн байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ