Онцгой дэглэм

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-03-07 16:11:32

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь стандартбанкны барьцаанд орсон, ОХУ-ын мэдэлд байсан 49 хувь “монголын зэс” корпорацид шилжиж ирсэн тэр мөчид “Эрдэнэт үйлдвэрийг тойруулаад монголын улстөрчид баахан бизнес хийсэн юм. Одоо түүнийгээ дэлбэлчихлээ” гэж  нэгэн улстөрч хэлж байсан билээ. Түүнээс хойш тус үйлдвэрийн эргэн тойронд гарч ирсэн хэл ам, үйл явдал хоёр талаас яригдах болсон гэж хэлж болно. Засгийн газар Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоож нэр бүхий албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Чөлөөлөгдөж байгаа хүмүүсийг 49 хувийн талаас тухайн албан тушаалд томилогдсон гэж олон нийт ярьж байгаа юм.


Тэргүүн дэд захирал Б. Шинэбаатар,  Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж. Эрдэнэбилэг, Хууль, эрх зүйн газрын дарга Д. Цэрэнбадам,  тус газрын орлогч дарга Б. Чинбат, Санхүүгийн хэлтсийн дарга С. Сүхбат, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга О. Хонгор, Хөгжлийн бодлогын газрын дарга Д. Нэмэхбаяр,  Хангамжийн хэлтсийн дарга Н. Энхбаясгалан нарыг чөлөөлжээ. Тэднийг албан тушаалаас нь чөлөөлөөд зогсохгүй өрөөнүүдийг нь битүүмжлэв. Үйл явдал тус үйлдвэр дээр өрнөж байна.


“Буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээнэ” гэж үг бий. Түүн лүгээ нэгэн адил 49 хувийг худалдан авах ажиллагаа анхнаасаа хуулийн хүрээнд яваагүй юм билээ. Энэ нь хувьчилж авсан тэдний алдаа биш. Харин Ч. Сайханбилэгийн тэргүүлж байсан Засгийн газрын гаргасан процедурийн алдаа гэж мэргэжилтнүүд хэлдэг. Нэг үгээр хэлбэл УИХ-аас шийдвэр гаргуулах ёстой байжээ. Гэвч  Засгийн газар бие дааж шийдсэн байна. Энэ талаар УИХ 2017 онд 23 тогтоол гаргаасан. Тэрхүү тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж “Монголын зэс” корпораци Цэцэд хандсан байдаг. Цэцээс Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн юм. Үндсэн хуулийн хүрээн дэх шийдвэрийн төгсгөл ийм байхад,  Захиргааны хэргийн шүүх корпорацийн  гомдлоор дээрх асуудлыг хүлээн авч өөрөөр шийдвэрлэсэн байна (Засгийн газрыг унагасан). Эрдэнэт үйлдвэрийн бие дааж шийдвэр гаргах боломж хуулийн хүрээн дэх хоёр өөр шийдвэрийн дунд  одоогоор хязгаарлагдмал болжээ.


Энэ хязгаарлалтын ээдрээг тайлах  эхний алхам нь тус үйлдэрт онцгой дэглэм тогтоох явдал гэж  Засгийн газар үзжээ. Ийм учраас  өнгөрсөн хугацаанд  хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэх үүд хаалга  одоо нээгдэв бололтой. Засгийн газар хуулийн хүрээнд энэ боломжийг олж авснаар эхний ээлжинд санхүүгийн шалгалт оруулах юм байна. Санхүүгийн шалгалт 49 хувийг худалдаж авсан нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжийг гаргаж ирэх  болов уу гэсэн таамаглал байна. Харин онцгой дэглэм тогтоох  үйл явдал 49 хувийг эзэмшиж байгаа гэх “Монголын зэс” корпорацийн захирал Б. Пүрэвтүвшин, ХХБанкны ТУЗ-ийн дарга Д. Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О. Орхон (суллагдсан)  нарыг асууж байцаах, улмаар хорих арга хэмжээтэй давахцлаа. Ийм  учраас Засгийн газар хувийн хэвшил рүү дайрж, довтоллоо гэсэн мессеж сошиаль ертөнцөд давамгайлж байна.


Тэднийг байцаах, хорих нь хууль хяналтын байгууллагын 49 хувийнхныг шалгах ажиллагааны нэг хэсэг болохоос биш, тэднийг  онцлон авч үзээд онцгой дэглэм Эрдэнэт үйлдвэрт тогтоогоогүй гэж ойлгож болно. Тэгээд ч Эрдэнэт үйлдвэр бас 100 хувь тэдний өмч бишээ. Тэр тусмаа “монголын зэс” корпорацийн бий болгосон өмч хөрөнгө  бүрч  биш, байгалийн баялаг шүү дээ. Байгалийн баялаг “бүх ард түмний мэдэлд байна” гэсэн Үндсэн хуулийн зарчимаар авч үзвэл шүүхийн гүлдгэнэсэн шийдвэрийг хүлээхгүйгээр Засгийн газар арга хэмжээ авч хэрэгжүүлж болно. Засгийн газрын авч хэрэгжүүлж байгааг шууд утгаар нь хувийн хэвшил рүү дайрлаа гэж ойлгож болохгүй. Гэхдээ онцгой дэглэмийн үед гарсан аливаа шийдвэр онцгой ач холбогдолтой байх ёстой. Тэдний гаргах шийдвэрийг иргэд бүх нийтээр шүүн авч  хэлэлцэнэ. Ийм учраас Засгийн газар, Эрдэнэт үйлдвэр одоо гаргах шийдвэртээ “долоо хэмжиж нэг огтлоно” гэдэг шиг нягт нямбай хандах биз ээ. 

Холбоотой мэдээ