АН-ын дотоод сонгууль эхэллээ

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2019-03-08 15:56:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-ын Үндэсний бодлогын хорооны сонгууль өнөөдрөөс эхэлж байна.

АН-ын Үндэсний бодлогын хорооны 112 суудалд 190 орчим хүн өрсөлдөхөөр нэр дэвшигчийн үнэмлэхээ өчигдөр гардан аваад байна. Нэр дэвшигчдийг намын үндсэн дүрмийн дагуу сонгож авчээ. Тухайлбал, нэр дэвшигч нь намд зургаан сараас багагүй хугацааны өмнө элсэн орсон байх, намын татвар дэнчинг төлсөн байх зэрэг шаардлагыг намын зүгээс тавьж нэр дэвшигчид биелүүлсэн байх ёстой юм.

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн гуравны нэг нь, нийслэл аймаг, дүүрэгт тухайн жилээсээ шалтгаалан гуравны нэг эсвэл дөрөвний хоёр дээр нь ротаци буюу намын дотоод эргэлтийн сонгууль болдог байна.

Дотоод сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа мөн өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 8-ны өдрөөс албан ёсоор эхэлж байна. Үндэсний бодлогын хорооны сонгууль 14 хоног үргэлжилж гуравдугаар сарын 24-нд дуусаж, мөн сарын 25-нд нэгдсэн дүнг гтанилцуулах юм.

АН-ын өнгөрсөн удаагийн сонгуулийг будлиантай зохион байгуулж байна гэсэн гомдол, шүүмжлэл гарч байсан. Тэгвэл энэ удаагийн сонгуулийг будлиангүй, шударга зохион байгуулахаа намын удирдлагууд хэлж байна.  Энэ жилийн хувьд ҮБХ-ны 410 гишүүнээс 112 нь эргэлтийн сонгуульд оролцож байгаа. Хэнтий аймгаас бусад 73 тойрогт АН-ын удирдлагад “цус сэлбэх”, дотоод ротацийн сонгууль ийнхүү болж байгаа юм.

Б.Болд

Холбоотой мэдээ