Энэ онд ХСҮТ-ийн барилгын дээврийг бүрэн засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-03-11 22:01:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагаанд нэн тулгамдаж байсан асуудлын нэг болох дээврийн их засварын ажлыг Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн санхүүжилтээр гүйцэтгэх төслийн гэрээг өнөөдөр байгууллаа.

Гэрээг Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока болон ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн нар үзэглэж баталгаажуулав. 

Тус төвийн барилга 1982 онд ашиглалтад орсноос хойш дээврийн их засвар хийгээгүй өдий хүрсэн бөгөөд өнгөрсөн зуны үргэлжилсэн их борооны ус дээврээр нэвтэрсэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд ихээхэн чирэгдэл үүсгэсэн юм. Гэвч энэ асуудлыг ийнхүү бүрэн шийдвэрлэх боломжтой болов. 


Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрөөр ХСҮТ-ийн барилгын Б, В, Г блокын дээврийн нийт 1860 мкв талбайд засвар хийнэ. Харин үлдсэн 4258,6мкв талбайн засварыг ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх бөгөөд ХСҮТ бороо, ус гоожихгүй болно. Үндэсний хэмжээнд хавдрын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг манай эмнэлгийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахад Японы засгийн газар, Японы ард түмнээс өгч буй энэхүү тусламж үнэтэй хувь нэмэр оруулах болно гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэв. 

Энэхүү ажиллагаанд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Эрдэмбилэг, Япон улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Хиромичи Мияашита, “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Мияамаэ Наоми, мэргэжилтэн Б. Мөнхбаатар болон ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан болон тасаг албадын төлөөлөл оролцов.

Холбоотой мэдээ