Гадаадын хөрөнгө оруулалтын дэмжлэг үгүйлэгдсээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-03-13 19:18:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эдийн засгийн чуулган”-д оролцогчид манай орны эдийн засгийн байдлыг өөдрөгөөр дүгнэж байв.

Гэхдээ эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд урт хугацаанд гадны хөрөнгө оруулалтын дэмжлэг хэрэгтэй байгааг онцолж байв. Ингэж байж нөхцөл байдлыг сайжруулахаас өөр арга байхгүйг оролцогчид дүгнэж байв. Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголбанкны Судалгаа, статистикийн газар, Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн хамтран Жайка байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан чуулганд эдийн засаг, санхүүгийн салбарын бодлого боловсруулагчид, судлаач эдийн засагчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, оюутнууд болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.


Дэлхийн банкны группийн ОУСК-ийн хувийн секторын ахлах мэргэжилтэн Хавиер Форнерс “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлтийн зураг” сэдвээр тавьсан илтгэлдээ, “Монгол Улсын хувьд уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн бүтэц нь удаан оршин тогтнох боломжгүй тул ХАА, аялал жуулчлал гэсэн бусад салбараа хөгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого чухал байгаа”-г тэмдэглэв.



Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд эрсдэлээс хамгаалсан төрийн зохицуулалтыг бүрдүүлэх шаардлагатай байна.




Одоогийн нөхцөл байдлаас харахад, Монгол Улсад гадны хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа нь эрсдэлтэй улс оронд тооцогдох болсонтой холбоотой болохыг судлаачид анхааруулж байв. Иймд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд эрсдэлээс хамгаалсан төрийн зохицуулалтыг бүрдүүлэх шаардлага бий гэж байв. Ийнхүү тогтвортой орчныг бүрдүүлж чадсан цагт манай улс уул уурхайгаас хараат бус экспортын орлогын нэр төрлөө нэмэгдүүлэх бүрэн боломж байгаатай чуулганд оролцогсод санал нэг байлаа.




Холбоотой мэдээ