Олон улсын аялал жуулчлалын “МИТТ” үзэсгэлэн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-03-14 16:52:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын аялал жуулчлалын 26 дугаар “МИТТ” үзэсгэлэнг ОХУ-ын Москва хотын үзэсгэлэнгийн төв цогцолбор “Экспоцентр”-т энэ сарын 12-нд нээв.


Тус үзэсгэлэнд ОХУ-ын 1800 гаруй байгууллага болон бусад 55 орны аж ахуйн нэгж оролцож, аялал, жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа юм. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа оролцов.




Дэлхийн аялал жуулчлалын тэргүүлэх таван үзэсгэлэнгийн нэгд зүй ёсоор тооцогддог энэхүү үзэсгэлэнд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ, Аялал жуулчлалын "Нью жуулчин" компани оролцож, нислэгийн чиглэл, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж буй юм. Энэ үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүд болон Оросын Засгийн газрын аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдлагуудтай уулзлаа.




Түүнчлэн Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсаас тус үзэсгэлэнд оролцож байгаа компаниудын талбайд зочилж тэдний санал болгож буй аялал, жуулчлалын үйлчилгээтэй танилцав. Монголын компаниудын сурталчилгааг гадаадын аялал жуулчлалын компаниудын төлөөлөл болон Оросын иргэд ихэд сонирхож, хамтран ажиллах, жуулчлан айлчлах саналтай байгаагаа илэрхийлж байлаа. Энэ үеэр Москва хотноо суралцаж буй оюутнууд уртын дуу, монгол ардын бүжиг, морин хуурын гоцлол үзүүлбэрийг тоглож байсан нь олны таашаалыг ихэд хүлээв.


Олон улсын аялал жуулчлалын 26 дугаар “МИТТ” үзэсгэлэн маргааш буюу энэ сарын 15-нд дуусна.

Холбоотой мэдээ