БНСУ “Boeing 737 Max” онгоцны нислэгийг гурван сараар хориглолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-03-15 14:06:37

СӨҮЛ. /Yonhap/. "Boeing" компанийн нисэх онгоцны ослын улмаас дэлхийн улс орнууд “Boeing 737 Max” онгоцноос түр хугацаагаар татгалзаж буй энэ үед БНСУ уг загварын онгоцны нислэгийг гурван сараар хориглох шийдвэр гаргасан байна. Энэ тухай тус улсын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас баасан гарагт мэдээлэв.


Энэ долоо хоногийн эхээр БНСУ-ын агаарын тээврийн “Eastar Jet” компани “Boeing 737 Max 8” загварын хоёр онгоцныхоо нислэгийг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргаад байсан билээ.


Үүний зэрэгцээ “Boeing 737 Max 8” загварын нисэх онгоцыг худалдан авах гэрээ байгуулсан БНСУ-ын агаарын тээврийн бусад компаниудын хувьд аюулгүй байдал бүрэн баталгаажих хүртэл нислэгтээ ашиглахгүй гэдгээ мэдэгдсэн байна.


Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Этиопын нийслэл Аддис Абеба хотод Boeing 737 Max 8” нисэх онгоц осолдсоны улмаас 157 хүн амиа алдсан юм. Үүнээс гадна өнгөрсөн оны 10 дугаар сард Индонезид ижил загварын нисэх онгоц осолдож, 189 хүн амиа алдсан билээ. 

Холбоотой мэдээ