“Мөрдөстэй бүсгүйчүүд” анхдугаар уулзалт, зөвлөгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-15 22:51:25

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймаг дахь цэрэгжсэн байгууллагуудын эмэгтэй алба хаагчдын оролцоог идэвхжүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Мөрдэстэй бүсгүйчүүд” анхдугаар уулзалт, зөвлөгөөн Алтай хотноо боллоо.

Уулзалт, зөвлөгөөнийг тус аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ивээн тэтгэж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Миний нутаг” телевиз хамтран зохион байгуулжээ. Зөвлөгөөнд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0214 дүгээр анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шинжилгээний албаны эмэгтэй алба хаагчид оролцсон байна.

Мөн тус аймгийн болон оролцогч байгууллагуудын удирдлагууд, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн бие төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир урилгаар оролцож, эмэгтэй алба хаагчдын эрх зүйн байдал, тулгамдаж буй асуудал, байгууллагуудын танилцуулга, мэдээллийг хийсэн юм. 


Мөн үеэр Говь-Алтай аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух бичиг”-ээр нэг, аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр зургаа, Есөнбулаг сумын “Хүндэт иргэн” тэмдгээр хоёр, хугацааны цолоор хоёр алба хаагч, “Мөрдэстэй бүсгүй” цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар зургаан алба хаагч, “Шилдэг байгууллага”-аар Хилийн цэргийн 0214-р анги шалгарч цом, өргөмжлөлөөр тус тус шагнууллаа.

Зөвлөгөөнөөс эмэгтэй алба хаагчдын зөвлөл байгуулж, уриалга гарган, жил бүр ажлын төлөвлөгөө гарган ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээ