Хятадын эдийн засаг шинэ саад бэрхшээлтэй тулгарч байна

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-03-17 16:36:21


Бээжин /МОНЦАМЭ/. Арван гуравдугаар сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар хурлын хаалтын ажиллагаа болж өнгөрлөө.

Хурлын хаалтын дараа Хятад улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

Тэрээр эхний асуултад хариулахдаа л “Хятад улсын эдийн засаг шинэ саад бэрхшээлүүдтэй тулгарч байгаа” талаар хэлсэн юм.

Худалдааны дайны талаарх асуултад хариулахдаа “АНУ-БНХАУ-ын хооронд техник технологийн болон худалдааны үл ойлголцол үүсээд байгаа ч хоёр орны харилцаа тасралтгүй хөгжиж, урагшилсаар ирсэн”-ийг онцоллоо. “Хоёр улсын хэлэлцээр тасралтгүй үргэлжилж байна. Бид хэлэлцээрийг үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Үүнийг дэлхий нийт ч мөн хүсэж байгаа” гэв. 

Мөн тэрээр, “Хятадын төр засаг дотоодын технологийн салбарын компаниудаар дамжуулан бусад улс орны мэдээ, мэдээллийг олж авдаг” гэсэн мэдээлэлтэй холбогдуулан асуусан АНУ-ын сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өгөв. Ли Көцян “Энэ бол Хятад улсын хуульд нийцэхгүй. Хятад улсын арга барил ч биш. Одоо ийм зүйл байхгүй, цаашид ч байхгүй” гэлээ.

Өмнө нь АНУ болон түүний холбоотон орнуудаас Хятад улсын Засгийн газар харилцаа холбооны Хуавэй зэрэг компанаар дамжуулан гадаад улс орнуудын мэдээ, мэдээллийг хулгайлдаг зэргээр шүүмжилж байсан юм. Үүнтэй холбогдуулан зарим улс орнууд Хятадын Хуавэй компанийг 5G сүлжээний бүтээн байгуулалтын ажилдаа оролцуулахаас татгалзаад байна.   

                                                                                                    А.Анхбаяр

Холбоотой мэдээ