Дундговь аймгийн Засаг даргын нэрэмжит бүсийн анхдугаар олимпиадыг зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, Боловсрол,
соёл, урлаг, спортын газраас тус аймгийн Засаг даргын нэрэмжит өмнөд бүсийн
физикийн олимпиадыг 3 дугаар сарын 30-ны
өдөр Мандалговь хотноо анх удаа зохион байгуулах гэж байна.
Тус олимпиад Дундговь, Дорноговь,
Говьсүмбэр, Өмнөговь, Төв аймгийн ЕБС-ийн 7-12 дугаар ангийн сурагчдыг хамруулах бөгөөд сурагчдын физик болон техник сэтгэлгээг хөгжүүлэх, ур чадварыг
нэмэгдүүлэх зорилготой юм.
Сургуулиудаас хэдэн ч хүүхэд оролцож
болох ба анги тус бүрээс эхний 6 байрыг шалгаруулан, алт, мөнгө, хүрэл медалийн
эздийг тодруулж, багийн дүнгээр эхний 3 сургуулийг шалгаруулах ажээ.
Тус олимпиадын бодлогыг Улсын физикийн олимпиадын хорооны
гишүүд дэвшүүлж, материалыг оролцож буй аймаг, сумын сургуулиудын физикийн багш
нараас бүрдсэн комисс шалгаруулахаар удирдамжид заажээ.