Хойд дүр нь Энэтхэгт тодорно гэх мэдэгдэлд тайлбар өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-20 13:17:31

БЭЭЖИН. /RIA Novosti/. Дээрхийн гэгээнтэн XVI Далай ламын “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагад БНХАУ-ын Гадаад хэргийн яам /ГХЯ/ тайлбар өгчээ. Далай лам тус агентлагт ярилцлага өгөхдөө, таалал төгссөнийх нь дараа хойд дүр нь Энэтхэгт тодорч магадгүй гэж мэдэгдсэн байна. Хятадын эрх баригчдын тодруулсан дүр нь сүсэгтэн олны итгэл, хүндэтгэлийг хүлээхгүй гэж тэрбээр мэдэгджээ.


“XVI Далай лам өөрөө шашны түүхэн уламжлалын дагуу тодорсон. Хойд дүрийг хүлээн зөвшөөрч батлах тухай бичгээр явуулсан хүсэлтийг тухайн үеийн БНХАУ-ын Засгийн газар баталсан. Тийм учраас, тэр дундаа Далай лам төрийн хууль тогтоомжийг хүндэтгэж, шашны түүхэн уламжлалыг даган мөрдөх ёстой” гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан Далай ламын мэдэгдэлд тайлбар өгөхдөө онцлон дурдсан байна.


Хятадын Засгийн газар шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний бодлогыг баримталдаг. Манай улсад “Шашны асуудлыг зохицуулах журам” болон “Төвдийн буддын шашны амьд Буддагийн хойд дүрийг тодруулах захиргааны зохицуулалтын арга хэмжээ” бий гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. “Төвдийн буддын шашны хойд дүр тодруулах энэ уламжлалыг Хятадын Засгийн газар хүндэтгэж, хамгаалж ирсэн” гэж тэрбээр эцэст нь мэдэгдсэн байна.


Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Дэнзэн Гочоо 1959 онд Хятадын эрх баригчдын эсрэг явуулсан зэвсэгт бослого бүтэлгүйтсэний дараа Төвдөөс зугтан гарсан билээ. Үүнээс хойш тэрбээр хамтран зүтгэгчдийн хамт Энэтхэгийн Дармсала хотод амьдарч байгаа юм. “Төвдийн хөөгдмөл Засгийн газар” энэ хотод үйл ажиллагаагаа явуулдаг. Далай лам улс төрийн албан тушаалаасаа огцрохоо 2011 оны гуравдугаар сард мэдэгдсэн боловч энэ нь Бээжин болон түүний хооронд үүссэн маргааныг зөөлрүүлээгүй юм. Хятадын эрх баригчид түүнийг салан тусгаарлах үзэлтэнд тооцсон хэвээр байгаа аж.


Холбоотой мэдээ