Х.Гуайдогийн ажлын албаны даргыг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-03-22 12:04:21

КАРАКАС. /BBC/. Венесуэлийн Тагнуулын газрын ажилтнууд сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн ажлын албаны дарга Роберто Маррерогийн Каракас дахь гэрт нэгжлэг хийсний дараа түүнийг баривчилсан байна.


Х.Гуайдо өөрийн ажлын албаны даргыг нэн даруй суллахыг шаардсан бөгөөд түүний хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж. Сөрөг хүчний хууль тогтоогч Серхио Вергарагийн гэрт мөн нэгжлэг хийсэн ба түүнийг түр хугацаагаар баривчилжээ.


“Энэхүү ажиллагаа нь Николас Мадуро сөрөг хүчнийхнийг нухчин дарахыг оролдож буйн дохио болж байна” гэж ажиглагчид үзэж байна.


Сөрөг хүчний гишүүд олонхын суудал эзэлдэг Ерөнхий Ассамблейн тэргүүн Х.Гуайдо 2018 оны тавдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийг хууль ёсны бус хэмээн мэдэгдэж, өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд өөрийгөө түр Ерөнхийлөгч хэмээн зарласан билээ.


Х.Гуайдо “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, Р.Маррерог хулгайлагдсан хэмээгээд, Тагнуулын газрын ажилтнууд түүний гэрт нэгжлэг хийх үеэрээ хоёр буу, нэг гранат орхисон байсан гэжээ.


“Болхи хүн хулгайлалтаараа биднийг айлган сүрдүүлж чадахгүй. Р.Маррерог баривчилсан нь биднийг зорилгоосоо няцахад хүргэхгүй. Үүнд холбоотой хүмүүст хариуцлага тооцох болно” гэж Х.Гуайдо пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. 

Холбоотой мэдээ