Баян-Өлгий аймгийн ард иргэд Наурыз баяраа тэмдэглэж байна

ФОТО МЭДЭЭ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-22 16:59:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казахын ард түмэн жил бүрийн гуравдугаар сарын 22-нд хаврын баяр - Наурызыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Наурыз бол казах иргэдийн хувьд шинэ жилийн эх нь бөгөөд байгаль дэлхий, ан амьтад нойрноос сэрэн амь орж, өдөр, шөнө тэнцсэн өдөртэй давхацдагаараа онцлогтой юм. Баян-Өлгий аймгийн ард иргэд өнөөдөр Өлгий хотын төв талбайд хуран цугларч  Наурыз баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Монгол Улсын төр засгаас ч уг баярт өндөр ач холбогдол өгдөг бөгөөд жил бүрийн баярын арга хэмжээнд УИХ болон Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирж казахын ард түмэнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жилийн баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Мурат, Б.Наранхүү, Г.Солтан нарын төрийн түшээд оролцож ард иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Аймгийн Засаг дарга А.Гылымхан баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, "Өнгөрөгч 2018 он аймгийн нийгэм эдийн засгийн бүх салбарт ололт амжилтаар дүрэн байж түүхэнд үлдэж байна. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 348 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 5,7 хувиар өслөө. Мөн иргэдийн банкин дахь хадгаламж 92 тэрбум төгрөг болж 21,2 хувиар нэмэгдлээ. Аймагтаа 51 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, аймгийн төсвийн орлого 1,5 тэрбум төгрөгөөр давж биелсэн амжилтаар 2019 оны Наурыз баярыг угтаж байна. Ирж буй гахай жилд энэхүү амжилтаа улам бататгаж, илүү ихийг хийхийн төлөө хичээн ажиллах болно" гэдгийг онцоллоо.

Наурыз баярт зориулсан ёслолын үйл ажиллагааны гол хэсэг нь парад байлаа. Баярын парадад хилийн цэргийн 0165 дугаар анги, орон нутгийн захиргааны байгууллагууд, театрын уран бүтээлчид, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүд, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд үндэсний хувцсаар гоёж оролцлоо. Мөн 100 домборчин домборын ая барьж, бүжигчид "Кара жорга" бүжгийг бүжиглэн наадамчин олноо баясгалаа.

Мөн Өлгий хотын төв талбайд казахын ард түмний өвөрмөц соёл, зан заншлыг харуулсан үндэсний чимэглэл бүхий 10 эсгий гэр барьж, ирсэн зочдод баярын хамгийн гол хоол болох 7 төрлийн орцтой “Наурыз-көже”  буюу “Наурызын шөл” амсууллаа.

Наурыз баярын үйл ажиллагаа баярын концерт, урлаг соёлын бусад арга хэмжээнүүдээр үргэлжилж байна. Үүний дараа иргэд ах, дүү, хамаатан садан, хөршүүддээ очиж золголт хийх юм.