Москва хотноо болсон Монгол туургатны бөхийн барилдаанд Ч.Батбаяр түрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонгол улсад Зэвсэгт хүчин байгуулагдсаны 95 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан Москва хотноо амжилттай болов.
Дөрөв дэх жилдээ болж буй уг арга хэмжээнд Москва хотын цэргийн болон Инженер -техникийн их, дээд сургуулиудад суралцдаг Монгол оюутнууд болон анх удаагаа ОХУ-ын Буриад, Тува, Халимагийн залуу тамирчид оролцов. Нийт 40 бөх барилдсаны 16 нь Монгол тамирчид байлаа. Барилдааны шөвгийн дөрөвт монгол хөвгүүд тунаж үлдсэн бөгөөд тэмцээний тэргүүн байранд Ч.Батбаяр /Москвагийн физикийн инженерийн дээд сургууль/ , удаах байранд Г.Гантулга /сумын заан, Цэргийн дээд сургууль/ нар шалгарч цом, Өргөмжлөл, мөнгөн шагналаар, гутгаар байранд Л.Алтансүлд/цэргийн дээд сургууль /, дөрөвдүгээр байранд Н.Тэгшжаргал /сумын заан, ФСБ-ийн академи/ нар шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болов.
Шавилхан биетэй, түргэн шаламгай Ч.Батбаярын барилдаан цугларсан олны анхаарлыг гойд татаж, барилдааныг сонирхолтой болгов.
“Бид монгол туургатны дунд монгол бөхийн барилдааныг сурталчилж, хөгжүүлэх зорилгоор идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Жишээ нь, жил бүр Москвагийн Улаан-талбайд болдог Оросын үндэстнүүдийн уламжлалт бөхийн барилдаан болон Ярыгины нэрэмжит олон үндэстний бөхийн тэмцээнд идэвхтэй оролцож ирсэн” хэмээн тэмцээнийг санаачлагч, зохион байгуулагч “Мөнх тэнгэр” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Амарбаясгалан хэлж байв.
Мөн тэрбээр энэ жилийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд анх удаагаа Оросын Буриад, Халимаг, Тувагийн тамирчид болон Москвагийн “Спорт-рота “ клубын баг тамирчид оролцож байна. Манай байгууллагаас энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа монгол туургатны тамирчдаа дэмжиж 8 хос зодог шуудаг бэлэглэсэн. Энэ дашрамд бидний ажлыг дэмжиж хамтран ажилладаг бүх ивээн тэтгэгч байгууллагууддаа талархал илэрхийлж, ажил үйлсэд нь амжилт хүсье! гэв.
Бөхийн барилдааныг Москва дахь Монгол улсын Элчин сайдын яам, ЭСЯ -ны дэргэдэх Зэвсэгт хүчний төлөөлөгчийн газар, “Мөнх тэнгэр” төрийн бус байгууллагатай хамтран зохион явуулав. Уг арга хэмжээг явуулахад “УБТЗ“, УБ “Эрдэнэт” үйлдвэр, “МОНРОСЦВЕТМЕТ”, МИАТ”-ын төлөөлөгчдийн газар ивээн тэтгэжээ.
Москва хот. А.Огторгуймаа