Бичил уурхай эрхлэгчид АМНАТ төлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 81.8 хувийн саналаар батлав.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд уурхайгаас олборлож худалдсан эсхүл ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс улсын төсөвт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) төлдөг. Өөрөөр хэлбэл, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан байгууллагууд АМНАТ төлдөггүй аж. Иймд хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг АМНАТ төлдөг байхаар хуулийн төсөлд тусгасан юм.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт, “Аливаа улс өөрийн орны онцлогт тохирсон эдийн засгийн бодлого хэрэгжүүлдэг. Монгол Улсын хувьд газрын доорх баялгаа ашиглаж, эдийн засгаа хөгжүүлэх талаар ярьж байна. Гэвч монголчууд нүүдэлчин өв соёлоо хамгаалж ирсэн тул газрын доорх баялгаа саяхныг хүртэл хөндөөгүй. Монгол Улс мал аж ахуйн салбараасаа валютын нөөцөө бүрдүүлэх, иргэдээ ажилтай, орлоготой болгох боломж бий. Тиймээс Засгийн газар уул уурхай ярих бус мал аж ахуйн салбараа хөгжүүлэх бодлого баримтлах нь зөв” хэмээв.
Уг хуулийн төсөлд алтны нөөц
ашигласны татвар 2.5 хувиар тогтоохоор тусгасан ч анхны хэлэлцүүлгээр хассан.
Уг заалтыг хассанаар алт хууль бусаар хил давуулах гэмт хэрэг өсөх эсэхийг О.Баасанхүү
гишүүн тодрууллаа.
Энэ онд боомтуудад 40 гаруй тэрбум
төгрөгөөр тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр алт болон
бусад баялгийг хууль бусаар хил давуулах гэмт хэргээс сэргийлэх боломж бүрдэнэ
гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир дурдлаа.
Мөн 2018 онд алт хууль бусаар хил давуулахыг завдсан хэдэн хэрэг гарсныг гишүүд тодруулав. Өнгөрсөн онд нийт 204 кг алт хууль бусаар хил давуулахыг завдсан гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга хэллээ. Ийнхүү санал хураахад гишүүдийн олонх нь хуулийн төслийг батлахыг дэмжив.