БНАСАУ-ын ЭСЯ-нд халдсан хэргийн сэжигтнүүдийг баривчлах зөвшөөрөл өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-27 13:28:32

МАДРИД. /RIA Novosti/. Испанийн нийслэл Мадрид хот дахь БНАСАУ-ын Элчин сайдын яаманд халдаж, дээрэмдсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа хоёр этгээдийг баривчлах зөвшөөрлийг тус улсын Үндэсний шүүхийн шүүгч Хосе де ла Мата өгсөн байна. Энэ тухай шүүхийн хэвлэлийн алба мэдээлэв.


Мэдээллээс үзвэл, АНУ-д оршин суудаг Мексикийн иргэн Адриан Хон Чаныг баривчлах зөвшөөрөл өгсөн байна. Түүнийг халдлага үйлдсэн бүлэг хүмүүсийг толгойлсон байж магадгүй гэж үзэж байгаа аж. Үүнээс гадна, АНУ-ын иргэн Сама Люг баривчлахыг зөвшөөрсөн байна.


Өнгөрсөн сарын 22-нд Умард Солонгосын ЭСЯ-нд халдсан 10 хүний долоо нь баривчлах зөвшөөрөл өгсөн хүмүүсийн жагсаалтад орсон байна. Испанийн шүүхээс тэдэнд айлган сүрдүүлж, хүч хэрэглэн дээрэм хийсэн болон гэмт бүлэглэлд элсэн орсон зэрэг зургаан зүйл ангиар хэрэг үүсгэжээ.


Сэжигтэн этгээдүүдийн нэг болох Сама Лю нь Өмнөд Солонгост төрсөн, Америкийн иргэн аж. Гэмт бүлэглэлийн толгойлогч Адриан Хон Чан ЭСЯ-нд халдсанаасаа хойш хэд хоногийн дараа АНУ-д ирж, Холбооны мөрдөх товчоотой холбогдон дипломат байгууллагаас дээрэмдэж авсан материалуудаа өгсөн байна.


Испанийн шүүхийн мэдээллээр, халдлагад оролцсон этгээдүүд бүгд тус улсаас гарцгаажээ. Энэ хэрэгт оролцсон таван этгээд Өмнөд Солонгосын иргэд болохыг тогтоосон байна. Тэд хэн нэгний зааварчилгаагаар бус өөрсдөө ЭСЯ-нд халдсан бөгөөд “Умард Солонгосыг чөлөөлөх зорилготой хүний эрхийн төлөөх” хөдөлгөөний гишүүд гэдгээ мэдэгдсэн гэж шүүхийн баримт бичигт дурджээ. 

Холбоотой мэдээ