Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-27 16:36:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болов.


Ерөнхийлөгчийн дээрх хуулийн төслийн үзэл баримтлалд, хууль, хяналтын зарим байгууллага төр, нийгмийн аюулгүй байдал, иргэдийн эрхийг зөрчсөн томоохон хэргүүдийг мөрдөн байцаах ажиллагаа, түүнийг хянадаг, шүүн шийдвэрлэдэг шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага нь хуйвалдааны тогтолцоонд шилжсэн байгааг дурдсан байна. Өөрөөр хэлбэл, хууль хяналт, шүүхийн байгууллагын удирдлагууд нь томилсон албан тушаалтандаа үйлчилдэг, улс төрийн захиалгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг болсон хэмээжээ.


Хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураан шийдвэрлэлээ.

Тухайлбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн 1 дүгээр зүйлд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан" гэсэн агуулга бүхий 17.1.8 дахь заалтыг нэмэхээр тусгасан. Үүнийг “Эрүүдэн шүүсэн гэж үзэх хангалттай үндэслэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан” хэмээн өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжив. Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн 3 дугаар зүйлийг өөрчлөх саналыг 81.8 хувь нь дэмжив. Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл дэх "46.6.4 Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан" гэснийг "Эрүүдэн шүүсэн гэж үзэх хангалттай үндэслэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан" гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд 91.7 хувийн саналаар дэмжсэн. Ийнхүү төслийн анхны хэлэлцүүлгийн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Холбоотой мэдээ