Монголын улс төр өнгөрч буй долоо хоногт
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн, хуулийн байгууллагын удирдлагуудыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн шийдвэрээр огцруулах хуулийн төслийг баталсан, УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийсэн зэргээр өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр хэд хэдэн үйл явдал өрнөв. Мөн төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэг олны анхаарлын төвд байв. Ингээд өнгөрч буй долоо хоногт улс төрд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.
Монгол, БНСУ-ын харилцааг шат ахиулах айлчлал
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 25-27-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.
Тэрбээр Монгол Улсад айлчлахдаа, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын даргад бараалхсан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийх үедээ хоёр орны улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчны салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 10 аймагт дулааны цахилгаан станц барих, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хороолол барих төслийг эрчимжүүлэхээр тохирсон. Түүнчлэн ирэх онд тохиох Монгол, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Иж бүрэн түншлэлийн харилцааг Стратегийн түншлэлд хүргэх, харилцан визгүй зорчих боломжийг судлан шийдвэрлэх, эмч нарыг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад түлхүү хамруулахаар тохирсон юм.
Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааныг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулж, дээрх асуудлуудыг нарийвчлан хэлэлцэхээр тохирлоо. Энэ удаагийн айлчлал нь хоёр орон улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, ойр дотно хамтран ажиллах боломж бүрдүүлсэн үр дүнтэй айлчлал болсныг талууд онцолж буй юм.
Хуулийн байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-ийн шийдвэрээр огцруулна
УИХ-ын чуулганы энэ сарын 27-ны нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 85-92.7 хувийн саналаар батлав.
Эдгээр хуульд шүүгч, АТГ-ын дарга, дэд дарга, Улсын ерөнхий прокурор болон түүний орлогчийг чөлөөлөх тухай ҮАБЗ-ийн зөвлөмжийг тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий байгуулагад хүргүүлэн шийдвэрлэх болж буй юм. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу шүүгч, прокурорыг огцруулах эсэхийг Ерөнхийлөгч, АТГ-ын дарга, дэд даргыг огцруулах эсэхийг УИХ шийднэ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ сарын 25-ны хуралдаанаар “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Ерөнхийлөгчид даалгасан байна. Хууль хяналт, шүүхийн байгууллагын удирдлагууд нь томилсон албан тушаалтандаа үйлчилдэг, улс төрийн захиалгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг болсон хэмээн ҮАБЗ үзжээ. Тиймээс Ерөнхийлөгчид үүрэг өгч хуулийн төслүүдийг өргөн мэдүүлснийг УИХ дэмжиж, батлав.
УИХ-ын ээлжит бус чуулганыг хаав
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 27-нд хаалтаа хийлээ.
УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг энэ сарын 18-29-нд хуралдуулах захирамж гаргасан. Ээлжит бус чуулганаар Татварын багц хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм. Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав. Түүнчлэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцсөнөөс гадна УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Оюунхорол гишүүнийг томиллоо. Ийнхүү ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал дууссан тул өнөөдөр буюу захирамжаар тогтоосноос хоёр хоногийн өмнө хаалтаа хийж буй юм.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр товлосон бүх асуудлаа баталж, зорилтоо бүрэн биелүүллээ. Чуулганаар олон сар хүлээгдэж байсан Татварын багц хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баталлаа. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, алтны татварыг 5 хувиар тогтоосон. Мөн 10 мянган өрхийн орон сууц барих, Улаанбаатар-Дарханы замыг шинэчлэх зээлийн ерөнхий хэлэлцээрийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Түүнчлэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Ардчилсан Үндсэн хуулийн амин сүнс бол хүний эрхийг хангах юм. Монгол хүний язгуур эрхийг зөрчсөн хүн, тэр тусмаа хуулийн байгууллагын ажилтнуудыг хамгаалах ёсгүй. Хууль зөрчсөн хүн бүр хариуцлага хүлээх ёстой” хэмээв.
Сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг албаны хүрээнд нууцаас гаргав
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэргийн мөрдөн байцаалтын явцад эрүүдэн шүүсэн бичлэг өнгөрсөн долоо хоногт олны анхаарлын төвд байв.
Энэхүү бичлэгийг устгасан байсныг хууль, хяналтын байгууллагынхан сэргээсэн бөгөөд Засгийн газрын энэ сарын 27-ны хуралдаанаар хэргийн мөрдөхөд саад учруулахгүй хэмээн үзсэн зарим хэсгийг нууцын зэрэглэлээс гаргасан. Уг хэсэгт 2015 оны 09 сарын 01-06-ны бичлэгийг түүвэрлэсэн 30 орчим минутын бичлэг багтаж байгаа бөгөөд Тагнуулын ерөнхий газраас албан бичиг ирүүлж, зөвхөн албаны хүрээнд ил гаргахаар шийдвэрлэсэн юм. Үүний дагуу УИХ-ын гишүүдэд энэ сарын 27-нд уг бичлэгийг үзүүлсэн. Харин хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид Засгийн газарт хүсэлт гаргасны дагуу энэ сарын 29-нд Төрийн ордонд хаалттай хэлбэрээр сэтгүүлчдэд үзүүлсэн юм.
Энэхүү бичлэгт С.Зориг агсны хэрэгт сэжиглэгдэж буй Ц.Амгаланбаатар нь хүн амины онц ноцтой гэмт хэрэг үйлдэж, 16 жилийн хорих ял эдэлж буй И-тэй хамт Б.Содномдаржааг 6 өдрийн турш зодож, дарамтлан хэрэг хүлээхийг шаардаж буй дүрслэл үлдсэн байна. Энэ үеэр сэжигтэн Б.Содномдаржаагийн хавирга хугарсан нь ч тод бичигдэн үлджээ. Түүнчлэн ШШГЕГ-ын албан хаагч хоригдол болж жүжиглэн, Б.Содномдаржаагийн хоригдож буй өрөөнд орж, мөн л дарамталсан байна. Улмаар шөнийн цагаар сэжигтэн Т.Чимгээгийн өрөөнд орж, С.Зориг агныг хөнөөсөн хэргийг хүлээхийг шаардаж, харааж буй нь бичигджээ. Ингэхдээ Төв аймагт Б.Соднномдаржаа, Т.Чимгээ нарыг Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах ашиглахаа больсон хорих ангийн хонгилын өрөөнд байлгаж байжээ. Уг өрөөнүүд нь цонхгүй, агааржуулагчгүй, бие засах газаргүй, өөрөөр хэлбэл, ямар ч стандартын шаардлага хангаагүй газар хууль бусаар байлган, дарамталж байсныг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тодруулан хэлсэн юм. Энэ хэргийг хууль, хяналтын байгууллагууд шалгаж байгааг мөн цохон тэмдэглээд, сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдох бүх хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой хэмээв.
1998 оны аравдугаар сарын 02-нд С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг 20 орчим жил мөрдөж байна. Ингээд 2015 оны наймдугааар сарын 31-нд уг хэрэгт Б.Содномдараа, Т.Чимгээ нарыг сэжигтнээр татан баривчилсан юм. Уг хэрэг 2015 оноос хойш гурван шатны шүүх дамжсан юм. Улмаар 2017 оны 08 сарын 04-нд Улсын дээд шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт Хаалттай дэглэмтэй хорих ангид тус бүр 20 жил хорих ял оноосон юм.