Украины ерөнхийлөгчийн сонгуульд Зеленский тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-01 10:42:26

КИЕВ. /TASS/. Украин улсын ерөнхийлөгчийн сонгуульд “Ард түмний зарц” намын дарга Владимир Зеленский тэргүүлж байна.


Украины Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, саналын хуудсын 30.39 хувийг тоолсон байдлаар Зеленский сонгогчдын 30 гаруй хувийн санал авчээ. Хоёрдугаарт, 16.65 хувийн саналтайгаар тус улсын одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко орсон бол түүний дараа "Батькивщина" намын дарга Юлия Тимошенко оржээ. Тэрбээр 13.29 хувийн санал авсан байна.


“Амьдралын төлөөх сөрөг хүчний платформ” намаас нэр дэвшигч Юрий Бойко сонгогчдын 11.37 хувийн саналыг авсан байна. Тавдугаарт, “Иргэний сөрөг хүчин” намын дарга Анатолий Гриценко 6.99 хувийн саналтайгаар оржээ.


Украины Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ням гарагт болсон билээ. Тус улсын төрийн тэргүүний албан тушаалын төлөө 39 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Украины Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 63.52 хувьтай байсан байна.


Сонгуулийн хэсгүүд хаагдсаны дараах санал асуулгын дүнгээс үзвэл, ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд Владимир Зеленский, Петр Порошенко нар өрсөлдөх төлөвтэй байна. Хоёр дахь шатны сонгуулийг дөрөвдүгээр сарын 21-нд явуулахаар товложээ.


Холбоотой мэдээ