Ардчилсан намыг лидерүүд нь гутаадаг

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2019-04-10 11:11:34

УИХ-ын хаврын чуулган нээсэн баасан гариг (4 дүгээр сарын 5)-т Ардчилсан нам жагсаал хийлээ. Бямба гарагт ардчиллын 30, нам байгуулагдсаны 29 жилийн ойд зориулан баярын хурал хийж, Үндэсний бөхийн өргөөнд 256 бөх барилдууллаа. Дараа нь ҮБХ-гоо хуралдуулан намын дарга С.Эрдэнэ зургаан орлогчтой боллоо. Нийслэлд болж буй үйл явдалд орон нутгийн намын байгууллагууд татагдан орлоо. Тухайлбал, Өвөрхангайн Ардчилсан намынхан нийслэлийн төв талбайд болсон жагсаалд зохион байгуулалттай (Автобус хөлөглөн)-гаар ирсэн байна. Төв талбайд аймгуудын намын хороодын төлөөлөл уриа лоозон барьж оролцож харагдсан. Ардчилсан намын эргэн тойронд болсон үйл явдлыг өнгөцхөн харвал ийм байна. 


УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд тус нам есөн суудалтай болсон. Тэр өдрөөс намаа шинэчлэх үйл явдал эхэлсэн гэж хэлж болно. Эхний ээлжинд намын даргын сунгаа явуулж таван хүн нэр дэвшин өрсөлдөж С.Эрдэнэ сонгогдсон билээ. Мөн Үндэсний бодлогын хороо (ҮБХ) зохион байгуулагдаж сонгууль нь болсон. Дараа нь 2017 оны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үйл ажиллагаа болж Х.Баттулга өрсөлдөх эрхтэй болж, улмаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тус нам дотор болж өнгөрсөн үйл явдлыг өнгөрсөн цаг дээр авч үзвэл  гол цөм нь энэ байв. Үүнийг бас эерэг үзүүлэлт нь гэж хэлж болно. Эдгээр эерэг үзүүлэлтэй зэрэгцээд сөрөг үзүүлэлтүүд  Ардчилсан нам дотор болж өнгөрчээ.


УИХ дахь Ардчилсан намын бүлэг (Ж.Батзандан, Л.Болд)-ийн хоёр гишүүн шинэ нам байгуулах гээд явж байна. Тэд ийм алхам хийх болсон гол шалтгаан нь Ж.Батзанданг Ардчилсан нам эгнээнээсээ хассан явдал. Тэрбээр ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэнэ. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн байр суурьтай зөрчилдсөн нь ийм байдалд хүргэсэн бололтой. Болсон явдлыг хойноос нь сөхөж харвал, ийм дүр төрх харагдаж байгаа юм. Л.Болдыг тус нам эгнээнээсээ хасаагүй. Харин тэрбээр намаа орхин одлоо. Орхисон шалтгааныг янз бүрээр тайлбарладаг. Тэднээс нэгийг онцлон авч үзэж болно. Тэрбээр батлагдсан улсын төсөв дэх ипотекийн зээлийн эх үүсвэрээс 30 тэрбум төгрөгийг хувийнхаа Богд банканд байршуулсан талаар улстөрчдийн хүрээнд маргаан өрнөсөн. Энэ талаар мэдээлэл хийсэн гишүүнийг Л.Болд нэр төрд халдлаа, шүүхэд өгнө гэж хүртэл мэдэгдсэн. Харин одоо  (шүүхэд хандсан эсэх нь тодорхойгүй) намжлаа. Гэвч Л.Болд намаа орхисон юм. Түүний намаа орхих болсон нь УИХ дахь сөрөг хүчнийг бүлэг (бүлгийн дарга Д. Эрдэнэбат 4 дүгээр сарын 9-нд мэдээллээ) - гүй болгов. Одоо УИХ-ын дарга, Л.Болд гишүүн тус бүлгээс гарсан талаар нэгдсэн хуралдаанд танилцуулга хийгээд энэ асуудалд цэг хатгана ( 4 дүгээр сарын 11-нд танилцуулах гэнэ). Түүнээс хойш УИХ дахь Ардчилсан нам үйл ажиллагаагаа зөвлөл хэлбэрээр явуулна. Гэхдээ УИХ-ын шийдвэрт тэдний үзүүлэх нөлөө өөрчлөгдөхгүй. Хүчин мөхөс хэвээрээ байна.


Ер нь улс төрд өрнөсөн үйл явдлыг зөв мэдэрч гишүүд (Ж. Батзандан, Л. Болд) нь хувиа хичээлгүй,  сөрөг хүчний бүлэг улс төрийн зөв “тогололт” хийсэн бол  энэ намын бүлгийн байр суурь улам бэхжиж, УИХ-аас гарах шийдвэрт нөлөөлөх нөлөө, иргэдээс авах улс төрийн үнэлгээ арай өөр гарах байсан гэж ойлгож болно. Гэвч ийм боломжийг УИХ дахь намын бүлгийн гишүүд алдлаа. Яах вэ дээ, боломж үргэлж нээлттэй байдаг гэж хэлдэг. УИХ  дахь сөрөг хүчин байгаа боломжоо алдсан ч, энэ намд Сүхбаатарын талбайд улс төрийн үйл ажиллагаа явуулах илүү том боломж гарч ирэв бололтой. Энэ нь   дээр дурьдсан, сүүлийн өдрүүдэд   болж байгаа үйл явдлаас харагдаж байна. Үнэндээ асар олон хүн тэднийг дэмжиж жагсаалд оролцлоо. Жагсаалыг тойрч хүмүүс өөр өөр зүйл ярьж байна. Тэнд очоогүй зарим (Ардчилсан намд дургүй) хүмүүс 1300 хүн талбайд ирсэн. Нэг жагсагчид 100 мянган төгрөг өгсөн гэх мэт цуурхал тарааж байх жишээтэй. Жагсаалд нийслэлийн зургаан дүүргээс гадна, орон нутгаас маш олон хүн ирж оролцсон. Баянзүрх дүүргээс 3000 хүн жагсаалд оролцож байх жишээтэй. Дүүрэг тус бүрээс ийм тооны хүн оролцсон гэж үзвэл, жагсаалд ойролцоогоо 20 орчим мянган хүн оролцсон байх магадлалтай гэж жагсаалд оролцогсод ярьж байна билээ. Дээр нь орон нутгийн намын хороод  зохион багуулалттайгаар гишүүдээ оролцуулсан шүү дээ. Мөн оюутны холбоо гишүүдэд нь автобусаар зорчих хязгаарлалт хийсэн (оюутны хөнгөлөлтийн картаар өдөрт хоёр удаа зорчуулдаг болгосон), сургалтын төлбөр нэмэгдэж байгаа зэргийг эсэргүүцэж  оролцсон. Талбайруу цагдаа нар оюутны цүнхийг шалгаж оруулах гэж их зүтэрч байгаа харагдав. Шалгах ёстой учир шалгахаас өөр гарц тэдэнд байхгүй нь ойлгомжтой.


Ардчилал, шударга ёс, олон ургальч үзэл ярьж эхэлсэн 1990 онд Ардчилсан нам байгуулагдсан. Тэр цагаас эхлэн намыг ард түмэн байнга дэмжиж ирсэн юм. УИХ-ын 1996, 2004, 2012 онд УИХ-д олонх болгож засаг барих хэмжээний санал өгч байсан билээ. Тухайн  цаг үе доор тус намаас нэр дэвшиж ард түмний санал авсан лидер (УИХ-ын гишүүд)-үүд эрх мэдэл албан тушаалын төлөө эцэс төгсгөлгүй хоорондоо өрсөлдөж, тэр нь гүнзгийрэн бүр өс хонзонгийн хэмжээнд хүрч нуран унасаар ирлээ. УИХ-д ганцхан гишүүн (Ж. Наранцацралт 2000 он)- тэй хоцорч байсан өдөр бий.


Ардчилсан намаас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүдийг тус намын лидерүүд гэж ойлгож болно. Энэ байр сууринаас авч үзвэл лидерүүд нь өнгөрсөн хугацаанд намаа гутаасаар иржээ гэж хэлэх бүрэн үндэслэлтэй. УИХ дахь тус намын бүлэг “бут үсэрсэн” нь 2016 онд энэ намаас нэр дэвшиж сонгогдсон гишүүдийн авир араншингаас болсон гэж хэлж болно. Ялангуяа, хоёр (Ж. Батзандан, Л. Болд) гишүүний үйлдэлтэй салшгүй холбоотой. Ардчилсан намыг лидерүүд нь  хоорондоо толхилцож гутаах тохиолдол өнгөрсөн 30 жилийн хугацаанд  (одоо ч салаагүй) сүүдэр мэт дагаж ирлээ. Цаашдаа яах бол. Энэ бүхний хамгийн том шалгуур нь цаг хугацаа...  Харин  зөв хариу өгөх нь тус намын лидерүүд гэгдэх улстөрчдийн үүрэг байх болов уу. Тэд хэзээ хариуцлагажих вэ?

Холбоотой мэдээ