Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-10 19:33:15
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх ийг Засгийн газарт олгохоор гишүүдийн олонх дэмжлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ноднин дөрөвдүгээр сард БНХАУ-д айлчлах үеэр, “Монгол, Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай” Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар ноднин Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг санаачлан боловсруулж, хэд хэдэн удаа хэлэлцжээ.

Хятадын тал энэ оны хоёрдугаар сард манай Засгийн газраас хүргүүлсэн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж, тодорхой санал ирүүлснийг Ажлын баг дахин боловсруулж, холбогдох яамдын санал авч, төсөлд тусган гуравдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн. Засгийн газрын хуралдаанаар, Хятадын талтай ойлголцлын зөрүүтэй зарим асуудлаар хэлэлцээ хийж, харилцан тохиролцохыг даалгасан байна. Энэ дагуу хоёр талын Ажлын баг өнгөрсөн сарын 11-12-нд Бээжин хотноо хэлэлцээ хийжээ. Энэхүү уулзалтаар хоёр талын Ажлын багууд нэгдсэн байр сууринд хүрч, хэлэлцээрийн төслийг үзэглэсэн юм. Үүнийг Засгийн газар өнгөрсөн сарын 21-нд дахин хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөх нь зүйтэй гэж үзжээ.


Засгийн газраас ийнхүү энэ оны гуравдугаар сарын 29-нд өргөн мэдүүлсэн хэлэлцээрийн төслийн талаар хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан юм.

Улсын Их Хурлын 2004 оны 17 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс”-ийг байгуулж, нутаг дэвсгэрийн хэмжээг 900 га-гаар тогтоосны зэрэгцээ Засгийн газрын 2004 оны 45 дугаар тогтоолоор чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албыг бий болгож, орон тоог баталсан байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.11-д “Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж. гадаад. дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана” гэж заасны дагуу чөлөөт бүсүүд, тэр дундаа Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд Засгийн газраас анхаарч ажиллаж байгааг төсөл санаачлагч илтгэлдээ дурдаад Засгийн газрын 2011 оны 187 дугаар тогтоолоор Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг баталсан. Өнгөрсөн хугацаанд уг төлөвлөгөөний дагуу тус бүсэд улсын төсвийн болон гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 6.5 тэрбум төгрөг, 58.8 сая ам. долларын бүтээн байгуулалтын болон дэд бүтцийн ажлууд хийгдээд байгаа. Үүний зэрэгцээ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Замын-Үүд, Эрээний чөлөөт бүс байгуулах ажлыг 50 хувьд хүргэх", 2019 оны үндсэн чиглэлд “Замын-Үүд, Эрээний чөлөөт бүс байгуулах ажлыг 80 хувьд хүргэх" зорилтууд тусгагдсан.

Энэ үндсэн дээр Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд хийгдсэн бүтээн байгуулалтыг бодит ажил болгох, үндсэн чиглэлүүдэд дэвшүүлсэн бүсийн зорилтыг хэрэгжүүлэхэд сонирхогч талуудын хамтарсан эрх зүйн баримт бичиг байгуулах асуудал чухал бөгөөд энэ чиглэлд талууд анхаарч, тодорхой алхмууд хийгдэж байгаа. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад 2014 оны 8 дугаар сард айлчлах үеэр Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах тухай Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 11 дүгээр сард БНХАУ-д айлчлах үеэр Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай санамж бичиг байгуулж, 2016 оны 5 дугаар сард Замын-Үүд, Эрээний хил дамнасан чөлөөт бүсийн Ерөнхий төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Энэхүү хэлэлцээрийн төсөл дэмжигдсэн тохиолдолд энэ сарын сүүлчээр төлөвлөгдөж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр хоёр талаас гарын үсэг зурах боломжтой. Мөн энэ хэлэлцээр нь хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын "Хөгжлийн зам" хөтөлбөр болон БНХАУ-ын “Бүс ба Зам" санаачилгын уялдааг хангах, харилцан ашигтай хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэхэд ач холбогдолтой хэмээн Засгийн газар үзэж, ихээхэн ач холбогдол өгч буйг Шадар сайд илтгэлдээ онцолсон юм.

Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл нь 7 бүлэг, 24 зүйлтэй. Хэлэлцээрийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгааг хууль санаачлагч дурдаж байв.

Мөн уг хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн тухай санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбодуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, О.Баасанхүү, Х.Баделхан, О.Содбилэг нар Шадар сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, манай улс аль тэртээ 1995 онд эдийн засгийн чөлөөт бүсийн үзэл баримтлалтай болж, улмаар энэ тухай хууль баталж шинэчлэн багагүй хөрөнгө оруулалт хийсэн хэдий ч хэлэлцээр байгуулах ажил удаан явагдаж, санамж бичиг байгуулах төдийгөөр хязгаарлагдаж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд энэ асуудалд тодорхой ахиц дэвшил гарч, хоёр талын Ажлын хэсгүүд идэвхтэй хамтран ажилласнаар хэлэлцээрийг үзэглээд байна.

Манай улс анх удаа хил дамнасан чөлөөт бүс байгуулах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа учраас энэ ажлыг анхнаас нь зөв эхлүүлэх нь чухал гэж үзэж, ихээхэн ач холбогдол өгч байгаа. Энэ үүднээс 2019 оны улсын төсөвт 1 тэрбум төгрөг суулгасан, цаашдаа жил жилийн төсөвт тодорхой хөрөнгө тусгагдаад явна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тодорхой асуудлыг шийдэхээр ярилцаж байгаа. Хэлэлцээр байгуулагдсанаар хил дамнасан эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа бүрэн утгаараа хэрэгжих эрх зүйн боломж бүрдэнэ. Бүсийн ерөнхий төлөвлөлтийг эцэслэн гаргана. Цаашдаа бүсийн үйл ажиллагаа худалдаа-үйлдвэрлэл-аялал жуулчлал гэсэн үе шаттайгаар хэрэгжээд явна гэдгийг тодотголоо. Мөн гишүүдийн асуултад Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн болон Шадар сайдын ажлын албаны зөвлөхүүд, гааль, татварын байгууллагын холбогдох албан тушаалтнууд нэмэлт хариулт, тайлбар, тодруулга өгсөн юм.
Холбоотой мэдээ