Мах, махан бүтээгдэхүүн экспортлох саналаа танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-11 13:17:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистан Улсын Ташкент хотноо Монгол, Узбекистаны ГХЯ хоорондын ээлжит  зөвлөлдөх уулзалт энэ сарын 10-нд боллоо.


Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, узбекистаны талаас Гадаад хэргийн дэд сайд Д.Х.Ахатов нар ахалж, улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэг, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын харилцааг хөгжүүлэх талаар санал солилцов.


Энэ үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Монгол, Узбекистан хоёр улс түүх, соёлын өв уламжлалын хувьд гүнзгий холбоотой, найрсаг харилцаатай улсууд бөгөөд Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, цаашид олон салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж байгаа. Улс төрийн харилцааг бэхжүүлэхэд юуны өмнө ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулах нь чухал. Мөн улс төрийн харилцааг идэвхжүүлэхэд харилцан айлчлал хийх, парламент хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх хэрэгтэй. Худалдаа, хөрөнгө оруулалтын салбар дахь хамтын ажиллагааны боломжуудыг тодорхойлоход бизнесийн хэлхээ холбоог бэхжүүлж, юуны өмнө Худалдаа, аж үйлдвэрийн танхим хооронд шууд харилцаа тогтоохыг санал болгож байна" гэв.


Узбекистаны Гадаад хэргийн дэд сайд Д.Х.Ахатав хоёр улсын ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт 9 жилийн дараа ийнхүү болж байгааг дурдаад, цаашид илүү ойр буюу хоёр жил тутам уулзаж, санал мэдээлэл солилцож байх тухай саналыг дэмжиж хүлээн авав. Мөн харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд хоёр талын холбогдох баримт бичгүүдийг байгуулах ажлыг шуурхайлахын сацуу ирэх жилүүдэд Монгол, Узбекийн хооронд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, замын зургийг боловсруулахыг санал болгов. Мөн тэрбээр, "Энэ нь цаг үеэ олсон, чухал уулзалт болж байна. Манай улс эдийн засаг, нийгмийн салбарт сүүлийн 2 жилийн хугацаанд олон шинэчлэл хийж байна. Бид илүү нээлттэй болсон энэ цаг үед Монгол Улсаас ийнхүү ГХЯ-ны төлөөлөгчид хүрэлцэн ирж, хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар ажил хэрэгч яриа өрнүүлж байгаад баяртай байна" гэлээ.


Талууд худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, экспортыг дэмжих чиглэлд явуулж буй тус тусын бодлогыг танилцууллаа. Узбекистан Улс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгснөөр нэг жилийн дотор гадаад жуулчдын тоог нэг дахин өсгөж 5.3 саяд хүргэж чадсан туршлагаа танилцуулав. Хоёр улсын худалдааны эргэлт одоогоор бага хэмжээтэй боловч нэмэгдэж буйг дурдаад, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн импортлох, машин техник, автобус, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, жимс жимсгэнэ зэрэг хүнсний эко бүтээгдэхүүн Монголын зах зээлд экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлэв.


Дэд сайд Б.Батцэцэг Төв Азийн улс орнууд руу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, энэ чиглэлд хоёр талын мэргэжлийн байгууллагын хооронд хэлхээ холбоо тогтоож хамтран ажиллахыг санал болгов. Узбекистан Улс энэ онд гадаадын улс орнуудаас иргэд визгүй зорчих улсуудын жагсаалтад Монгол Улсыг хамруулахаар шийдвэрлэснээ мэдэгдэж, Агаарын харилцааны хэлэлцээрийг ойрын үед байгуулахыг мөн санал болгов.


Монгол Улс гадаад улс орнуудад хадгалагдаж буй Монголын түүх, соёлын өв, дурсгалуудаа бүртгэх, судлах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгаа бөгөөд энэ хүрээнд Узбекийн музей, архивт хадгалагдаж буй түүх, соёлын өвөөс олон нийтэд танилцуулах хамтарсан үзэсгэлэн зохион байгуулахыг Монголын тал санал болгов. Мөн “Дэлхийд тархсан монгол өв” ном бүтээх төслийг хэрэгжүүлэх хүрээнд Узбекистан Улсын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа Рашид-Ад-Дины “Судрын чуулган” бүтээлийн перс хэл дээрх хамгийн эртний эх хувь зэргийг хувилан авч уг номд оруулахад дэмжлэг хүслээ.

Холбоотой мэдээ