Халх голын дайнд мордсон Баяндунгийн 16 басган

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.mn
2019-04-12 17:47:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын дайнд ялалт байгуулсны 80 жилийн түүхэн ой өнөө жил тохионо. Халх голын байлдаан зөвхөн эрчүүдийнх байсангүй. Эмэгтэйчүүд, тэр дундаа охид ч оролцсон баатарлаг түүхийг Дорнод аймгийн Баяндун сумын 16 буриад охин бүтээжээ.


"Баянцагааны нуруунд очиж атаат дайсантай тулалдахад ч бэлхэн" гэдгээ илэрхийлэн дайнд мордсон тэдгээр охид 1939 оны 7-р сард долоо хоног явж Баянтүмэнд очиж байжээ. Охидын хамгийн бага нь 14-хөн настай байсан бөгөөд Баянтүмэний цэргийн эмнэлэгт сувилагч, индүүчин, цагаан хэрэглэл угаагч, тогооч зэрэг ажил хийсэн байна.



Баяндунгийн 16 эмэгтэйгээс өдгөө цор ганц нь л энх тунх байгаа бөгөөд тэр түүхийн амьд гэрч нь эдүгээ 95 настай, Цэрэнгийн Чимэдцэрэн гуай юм. Тэрээр, "Би тэр үед 15 настай байсан. Үхэр тэргэнд суугаад, морин өртөөгөөр аймгийн төв хүртэл явсан. Биднийг сумын иргэд үдэж өгч байсныг тодхон санаж байна. Бүтэн долоон өдрийн турш үхэр тэргэн дээр явсан. Аймгийн төвд ирэхэд, бөөн туг, далбаа барьсан хүмүүс угтаж билээ. Удалгүй биднийг Баянтүмэнгийн цэргийн эмнэлэг рүү автомашины тэвшин дээр суулгаад хүргэж өгсөн. Биднийг орос сургагч эмч, эмнэлгийн ажилчид угтаж авсан даа. Бид найман ханатай хоёр эсгий гэрт хуваагдаж байрласан" хэмээн ярьж байна.


Тэрхүү эх оронч дайчин бүсгүйчүүд бол, Цэрэнгийн Чимэдцэрэн, Цэдэнгийн Ханд, Буджавын Жаргал, Дагвын Балдалмаа, Самбуугийн Балжинням, Арилдийн Дариймаа, Очирын Балдармаа, Равжаагийн Балдарам, Жамцын Цэнпэлмаа, Дэлэгийн Цэгмэд, Дагвын Бүтэд, Мөнхийн Дарийм, Цогтын Цэгмэд, Магсарын Цэгмэд, Гончигийн Хандам, Гэлэгбалсангийн Хандсүрэн нар байжээ.

Бахархан дурсаж байх Баяндунгийн 16 охины түүх яагаад олон түмэнд "танигдалгүй" өнгөрөв, тэд хэрхэн дайнд мордов гэдгийг та сонирхож байвал энд дарж манай ярилцлагын буланд зочлоорой.

Холбоотой мэдээ