М.Одончимэг: Би хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж яваа цагдаагийн алба хаагч

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-04-15 13:15:31

Хэнтий /МОНЦАМЭ/ Аюулгүй, амар тайван Хан Хэнтийн төлөө хүчин зүтгэж, элдэв чамин гоёлоор биш эх орныхоо эрдэнэт мөрдөсөөр гоёсон эгэл нэгэн бүсгүйтэй ярилцлаа. Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын тоо бүртгэгч, дэд ахлагч Мөнхбатын Одончимэгийн хувьд 2017 оноос Цагдаагийн албанд хүчин зүтгэх болсон шилдэг залуу алба хаагч юм.  


-     -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Хан Хэнтий нутгийнхаа зон олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөнхбатын Одончимэг гэдэг. Би 1989 онд Булган аймгийн Булган суманд төрсөн айлын ганц хүүхэд юм. Одоо нөхөр, охиныхоо хамт Хэнтий нутагтаа ажиллаж амьдарч явна.

-     -Ажил амьдралынхаа гарааг яагаад Цагдаагийн албанаас эхлүүлэх болов?

-2007-2011 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр дүүргэн 2012 оноос Хөвсгөл аймгийн Шүүхэд мэдээлэл, лавлагааны ажилтан, шүүгчийн туслахаар ажиллаж байгаад 2017 оноос Цагдаагийн ажилтнаар ажиллах болсон доо. Намайг бага байхад манай гэр цагдаагийн байгууллагын хажууд байдаг байлаа. Цагдаагийн газрын хашаанд байнга л тоглодог хэзээний цагдаагийн ажилтан шиг хажуунаас байнга л харж бахархан зогсдог байсан. Нэг удаа цагдаагийн газрын хашаанд цагдаагийн ажилтнууд жагсаалын үзлэг хийж байхад нь тааран жагсаалын хамгийн дор нь дуугүйхэн очоод зогсчихсон. Тэгтэл нэг өндөр том биетэй цагдаа ах ирээд, -Хүүе манайх нэг хөөрхөн жаахан шинэ алба хаагчтай болсон байна. Ахын дүү удахгүй цагдаа болж энэ эгнээнд мөр зэрэгцнээ гэж өхөөрдөөд надад цагдаагийн албаны түүхийг бичсэн ном бэлэглэж байсан юм. Би чинь дөнгөж цэцэрлэгт явдаг байсан болохоор цагдаа ахын өгсөн номыг уншиж чадахгүй байнга л дэрлэж унтдаг байж билээ. Тэгээд сургуульд орж, нөгөө номоо уншихын тулд хичээлдээ шамдан хурдан хугацаанд уншиж сурсан даа. 

Багаасаа л өөрийгөө байнга цагдаагаар төсөөлж, том болоод цагдаагийн албанд зүтгэх чин хүсэлтэй өссөн. Тиймдээ ч Цагдаагийн академийг суралцаж дүүргэсэн. Ингээд сургуулиа төгсөөд цагдаагийн байгууллагад орох хүсэлтэй байсан боловч надад орон тоо олдолгүй Хөвсгөл аймгийн шүүхэд ажилласан юм. Удалгүй нөхөр бид хоёр ам бүл нэмж охиноо төрүүлэн гэртээ охиноо асрах ажилд орсон. Гэсэн ч цагдаагийн байгууллагад ажиллах чин хүсэлтэй байсан тул Монгол орны 21 аймгийнхаа хаа ч байсан цагдаад л орно гэж зүтгэсээр байгаад 2017 онд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт ирж судлагдан, шалгалтад тэнцэж, цагдаагийн ахлагчийн күрсээ дүүргэн 2017 оны 7 дугаар сард мөрөөдлөө биелүүлж, Цагдаагийн газар гэдэг энэ том айлын нэг гишүүн нь болсон доо. Цагдаагийн албанд их гоё цаг хугацаанд орсон гэж боддог юм. Миний хувьд Цагдаагийн албанд ажилладаг олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн мөрдөсөө зүүгээд, тангаргаа өргөөд зогсох хамгийн сайхан мэдрэмж байдаг.

-     -Цагдаагийн алба эмэгтэй хүны хувьд хүнд алба шиг санагддаг таны хувьд энэ албаны сайхан болон хэцүү тал нь юу вэ?

-Цагдаагийн алба төрийн сүлдээ магнайдаа залсан байдаг болохоор их хийморьтой алба. Аав ээж минь эмэгтэй хүнд хэцүүдээ гэж хэлдэг л байсан. Хар нялхаасаа өдрийн бодол, шөнийн зүүд болон дурлан орсон энэ ажилдаа би маш их хайртай. Би хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж яваа цагдаагийн алба хаагч. Миний ажил иргэн хүний хамгийн хэцүү хүнд үед нь тусалдаг тийм сайхан ажил. Нийгмийн бараан бүхнийг цайруулдаг алба гэж боддог. Тиймдээ ч надад цагдаагийн албанд ажиллах хүнд хэцүү зүйл гэж байхгүй юм шиг санагддаг. Хүн дуртай зүйлээ хийхдээ юуг ч байсан даваад гардаг.

-     -Гэр бүлээ танилцуулаач?

-Нөхөр маань Өмнөговь аймагт бусдын адил том тэрэг барьж, ажил амьдралаа залгуулж яваа эгэл жирийн эр хүн байдаг. Охин маань цэцэрлэгт явдаг. Заримдаа хүмүүс хоёр талд залуу хүмүүс хэцүү юм гэдэг. Надад бол бид залуу насандаа л хийж бүтээж, хөдөлмөрлөх ёстой гэж боддог. Залуу насыг завгүй өнгөрүүлэх чинь сайхан шүү дээ.

-     -Таны ажлын онцлог?

-Цагдаагийн албаны ажил бусад ажил мэргэжлүүдээс асар өөр гэж боддог. Бид эх орныхоо төлөө амь биеээ хайрлахгүй зүтгэх тангарагтай. Тэр тангарагтаа үнэнчээр зүтгэдэг хүмүүс. Миний ажилд ажлын цаг гэж байдаггүй. Хэзээ ч дуудсан би бэлэн л байх ёстой. Бас дээрээс нь маш их  хариуцлагатай ажил. Миний хэр сайн ажиллах, хэр их сэтгэл гаргахаас хамаарч цаана нь олон иргэдийн амар тайван амьдрах нөхцөл бүрдэж байдаг. Цагдаа хүн болж бүтэхгүй бүх зүйлийн халуун цэг дээр байж, бүрхэг газар бүхэнд гэрэл үлдээж явдаг ажил юм даа.

-     -Ажилдаа баримталдаг зарчим тань?

-Сэтгэл сэтгэл сэтгэл бас дахин сэтгэл гэж хэлнэ дээ. Би ажилдаа хэр их дуртайгаас хамаарч надаас төдий хэмжээний сэтгэл гарна. Сэтгэл гаргаж байгаа болохоор надаас тэр хэмжээний ажлын бүтээмж гарна гэж боддог. Мөн хурд маш их хэрэгтэй. Ингээд хамгийн том зарчим бол хуулиа дээдлэх.

-     -Цаг наргүй албаныхаа хажуугаар ээж, эхнэрийнхээ үүргийг хэр сайн биелүүлдэг вэ?

-Ээж, эхнэрийнхээ үүргийг сайн биелүүлж чаддаггүй гэж боддог. Миний охин Эрдэнэт хотод өвөө, эмээ дээрээ байдаг. Би энд ажилтай, нөхөр бас хол, амралтаараа л ирнэ. Одоохондоо эхнэр, ээжийнхээ үүргийг утсаар ярьж л биелүүлдэг тааруухан эмэгтэй дээ. Нөхрийгөө амралтаар нь ирэхэд нь тухтай уулзаж чадалгүй явуулж байсан удаа бий. Нөхөр маань миний аав, ээж шиг л хамаг ар талын асуудлуудаа зохицуулсан байдаг. Миний өдий зэрэгтээ ажиллаж амьдарч байгаа минь хань болон аав, ээжийн минь ач тус гэж боддог. Аав, ээж, ханьдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-     -Хамт олныхоо тухайд?

-Хамт олон гэдэг өөрөө хамгийн сайхан мэдрэмжийг түгээдэг хүмүүс. Хэнтий аймагт ах дүү, хамаатан садан гээд байхаар хүн байдаггүй л дээ. Миний хамт олон л энэ бүгдийг нөхөж өгдөг. Ахын оронд ах, эгчийн оронд эгч болж энэ албанд хоёргүй сэтгэлээр зүтгэхэд минь дэм болж ирсэн. Хамт олондоо маш их баярлаж явдаг. “Сэтгэлийн зурлага”, мөн алба хаагчдын дунд зохиосон “Баярлалаа” аянд хамгийн их захиа авсан болон хамгийн их баярлалаа хуудас авсан алба хаагчаар шалгарч байсан. Хамт олноороо бахархаж, тэднээсээ маш их урам зориг авдаг даа.

-     -Цагдаа болохыг хүсэж, мөрөөдөж яваа охидууддаа хандаж юу хэлэх вэ?

-Мэргэжил бүхэн сайхан. Тэр дундаа цагдаагийн алба хаагч хамгийн сайхан. Цагдаагийн алба хаагч болохоор шийдсэн бол тэр хүсэлдээ хүрэхийн төлөө зүтгээрэй. Хэзээ ч битгий шантраарай. Олон саад, бэрхшээл гарч ирж магадгүй. Гэхдээ чи үнэхээр хүсэж байвал чадна гэдэгтээ итгээрэй гэж хэлмээр байна.

-     -Баярлалаа. Танд амжилт хүсье.

 


 

 

Холбоотой мэдээ