М.Гэрэлт-Од: Уул уурхайн салбарын үйл ажиллагааны талаар нээлттэй мэдээлэх цэг байгуулна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-04-15 13:00:02

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сарын 25,26-ны өдөр Баруун-Урт суманд “Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагаа-2019” сэдэвт зөвлөгөөн болсон. Тэгвэл зөвлөгөөнөөс хойш уул уурхайн салбарт хийсэн ажил, түүний үр дүнгийн талаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Уул уурхай, авто зам хариуцсан мэргэжилтэн М.Гэрэлт-Одоос тодрууллаа.


-Зөвлөгөөний үеэр ярьсан гол асуудал бол уул уурхайн компани орон нутагтай хамтран ажиллах гэрээг заавал байгуулах тухай байсан. Зөвлөгөөнөөс хойш арав гаруй хоногийн хугацаа өнгөрлөө. Үр дүн гарч эхэлсэн үү?

-Зөвлөгөөнөөс хойш хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-уудтай уулзаж, хамтран ажиллах гэрээ байгуулах, хэлцэл хийх ажлуудыг эхнээсээ хийж байна. Энэхүү хамтран ажиллах гэрээний гол зорилго нь тухайн аймаг орон нутагт ашиглалтын ажил явуулж байгаа ААН нь уурхайгаа ашиглах, уурхайн дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аймгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх тухай тусгагдсан байгаа. Зөвлөгөөнөөс хойш одоогоор 11 ААНБ-тай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна. Гэрээг аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, тусгай зөвшөөрөл эзэмшигч гэсэн гурвалсан байдлаар байгуулж байгаа.


-Гурвалсан гэрээнд тусгагдсан онцлог заалтуудыг танилцуулаач?

-2019 оноос шинээр байгуулж байгаа энэхүү гурвалсан гэрээгээ хийхдээ Монгол Улсын Засгийн газрын 179 дүгээр тогтоолыг чиглэл болгосон. Дээрээс нь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээр гэрээний ерөнхий загварыг батлуусан. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар гэрээ байгуулах тусгай ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Мэдээж гэрээнд байгаль орчныг хамгаалах чиглэлээр тодорхой заалтуудыг оруулсан, бүтээгдэхүүн тээвэрлэлтийн замын асуудлыг тусгайлан зохицуулж өгсөн, тухайн сум орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах талаар ч тодорхой тусгаж өгсөн байгаа. Хамгийн гол нь зөвшөөрөл эзэмшигч ААНБ-ууд маань хуулийн хүрээнд ажиллах ёстой гэдгийг маш тодорхой оруулсан. Дараагийн нэг онцлог заалт бол хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хамтын ажиллагааны хүрээнд хийж буй ажил, гэрээний хэрэгжилтийн талаар цаашлаад тухайн компанийн үйл ажиллагаа, уул уурхайн салбарын бодлого зорилтын талаар ил тод, зөв ойлголт мэдээллийг иргэдэд хүргэх тал дээр онцгой анхаарахыг тусгайлан зааж өгсөн.


-Гэрээний хэрэгжилтэд хэн хяналт тавих вэ?

-Гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж байгаа. Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих хамтын хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар төлөвлөсөн. Гэрээг гурвалсан байдлаар хийж байгаа учир хамтын хороо ч мөн үүнтэй адил тэгш байдлыг хангасан байх үүднээс гурван талаас төлөөлөл оролцуулсан байдлаар байгуулна. Хамтын хорооны ажиллах журам боловсруулан батлагдахад бэлэн болоод байна.


-Сүхбаатар аймагт газрын тосны хайгуулын зөвшөөрөлтэй дөрвөн ААНБ байдаг. Эдгээрийн үйл ажиллагаа хэрхэн явж байгаа вэ?

-Манай аймагт зөвшөөрөл эзэмшигч компаниудын хувьд зөвхөн хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү талбайн зөвшөөрөл нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор олгогдож, Ашигт малтмал газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулж ажилладаг. Засгийн газраас гарсан бодлого шийдвэрийн хэрэгжилтийг бид орон нутагтаа хангуулж, хяналт тавих ёстой. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэцагаан сумын нутагт "Макс Ойл" ХХК 2017, 2018 онд хайгуулын ажил, Уулбаян сумын нутагт байгаль орчны суурь судалгааны ажлууд хийсэн байдаг. Харин энэ жил Эрдэнэцагаан сумын нутагт "Петро матад" ХХК хайгуулын ажил эхлүүлэх төлөвтэй байгаа.


-Аймаг орон нутаг төдийгүй Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээ хэрэгжихгүй байх тохиолдол байдаг. Жишээ нь "Петро матад" ХХК өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд нэг ч удаа гэрээний төлбөр төлөөгүй байсан шүү дээ. Үүнийг шийдсэн үү?  

-Аймаг орон нутгийн зүгээс жил бүр хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаж ирсэн. Гэхдээ энэ жилийн зөвлөгөөнөөс хойш гарсан нэг томоохон үр дүн бол "Петро матад" ХХК 2013 онд бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан цагаас хойш сум орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор дэмжлэг үзүүлнэ гэсэн заалтыг нэг ч удаа биелүүлээгүй, өөрөөр хэлбэл гэрээний биелэлт хангалтгүй байсныг тогтоож, удаа дараа уулзалт хэлцэл хийсний дүнд гэрээний хэрэгжилтийг хангуулахаар болсон. Өөрөөр хэлбэл аймаг, сум орон нутгийн төсөвт 300 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөрийг төлөхөөр болсон.


-Уул уурхайн салбартай холбоотой иргэдээс ирдэг ихэнх гомдол нь компаниудын бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Яг тийм. Том оврын машинууд тээврээ хийхдээ заасан маршрутаас гадна олон салаа зам гаргаж байгаа нь тоосжилтыг ихээр бий болгож, иргэд, малчдыг бухимдуулах болсон. Үүнтэй холбоотойгоор тулгамдаж буй асуудлаа тусгайлан хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан. Тодруулбал, 06 дугаар сарын 01-ний дотор бүтээгдэхүүн тээвэрлэлтийн замын чиглэлийг орон нутгийн захиргааны байгууллагаар батлуулж, өмнө гаргасан олон салаа замд засвар арчлалт, нөхөн сэргээлтийн ажил хийх үүрэг чиглэл өгсөн. Үүнийг хэрэгжүүлээгүй компанийн үйл ажиллагааг шууд зогсоох шийдвэр гаргана гэдэг хатуу байр суурийг илэрхийлсэн.

 

-Тэгвэл Сүхбаатар аймагт уул уурхайн салбарын үйл ажиллагаа жигдэрч байгаа гэж ойлгож болох уу?

-Ямартай ч бид эхний ээлжинд ААНБ-уудад шаардлага тавьж, асуудлуудаа нээлттэй ярилцаж, хамтран ажиллах гэрээгээ байгуулж эхэллээ. Бүр цэгцэрсэн гэж хэлэхгүй ч ахиц дэвшлүүд гарсаар байна. Аймагт байгуулах нэг цэгийн үйлчилгээний төвд уул уурхайн салбарын үйл ажиллагааны талаар нээлттэй мэдээлэх цэгийг байгуулахаар төлөвлөж байгаа. Мөн бүх мэдээллийг цахим хэлбэрээр иргэдэд хүргэхээр шийдвэрлэсэн. Энэ ажил аймгийн төв төдийгүй сумдад ч хэрэгжих юм. Ингэхээр энэ салбарын ажил иргэдэд илүү ойр, ил тод болох юм.

-Баярлалаа.

 

Холбоотой мэдээ