Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс өсчээ

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-04-15 16:14:43
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагдаагийн хэлтсийн мэдээгээр 2019 оны эхний улиралд аймгийн хэмжээнд нийт 60 гэмт хэрэг бүртгэгдэж, энэ үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнх‎тэй харьцуулахад 1.7 хувиар өссөн байна.

Гэхдээ танхайрах, булаалт, хүнийг санаатай алах, албан тушаалтай холбоотой хэрэг гараагүй, харин бусдын бие махбодид гэмтэл учруулах, залилан, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргүүд буурсан, дээрэм болон малын хулгайн гэмт хэрэг нэмэгдсэн ажээ.

Бүртгэгдсэн нийт хэргийн 20 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын хэрэг, 26.6 хувийг хулгай, 8.3 хувийг хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын эсрэг гэмт хэрэг, 3.3 хувийг дээрэм, 1.6 хувийг хүчингийн хэрэг, 21.6 хувийг малын хулгай, 6.6 хувийг залилан, 11.6 хувийг бусад хэрэг тус тус эзэлж байна. 

Нийт г‎эмт хэргийн 10 хувийг согтуугаар, 6.6 хувийг бүлэглэж, 3.3 хувийг хүүхэд, 1.6 хувийг эмэгтэй хүн оролцон үйлдсэн аж.

18 ба түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэргийн аймгийн дундаж 20 хүн байгаа бөгөөд Луус, Дэрэн, Цагаандэлгэр, Сайнцагаан суманд энэ тоо аймгийн дунджаас илүү байна.

Гэмт хэрэг илрүүлэлт аймгийн хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс буурч, 16.7 хувьтай байгаа ба гэмт хэргийн улмаас учирсан 197.8 сая төгрөгийн 1.7 хувь буюу 3.4 сая төгрөгийг нөхөн төлүүлээд байгаа аж.  

Холбоотой мэдээ