Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2019 оны төсвийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-16 08:34:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.


Тухайлбал, 09.00 цагт хуралдах Эдийн засгийн байнгын хороо Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсвийн тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэх юм. Харин 11.00 цагт Өргөдлийн байнгын хороо хуралдаж, “Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар ХНХ-ын сайдын мэдээллийг сонсоно.


Үдээс хойш буюу 14.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдахаар товлосон байна. Тус байнгын хороо Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Хорт хавдарын өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсоно. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг байгуулах юм.

Холбоотой мэдээ