Нөөцийн махны эрэлт хэрэгцээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-04-19 15:05:10

- Нөөцийн мах худалдаанд (4 дүгээр сарын 15-нд) гарсан гэх юм. Чи олж авсан уу?

- Тэгсэн гэнэ олж аваагүй.

- Хүүхэд явуулсан чинь бүтэлгүй золиг олж ирсэнгүй.

- Тэгнэ. Хямд болохоор тоохгүй байхгүй юу?

- Үнэндээ байгаа юм биш ээ. Ажил болгоод цааш нь эрж хайхгүй байгаа юм гэлээ.


Ингэж хэлсэн хүн (намхан нуруутай боровтор) нөгөөхдөө “өнөөдөр гэрийнхээ эргэн тойрны хэдэн дэлгүүрээр орлоо. Нөөцийн мах тэр дэлгүүрүүд зардаггүй юм байна. Харин Тээврийн товчоон (Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар)-ын баруун хойд үзүүрийн зочид буудал (Топаз)-ын доод талын дэлгүүрт нөөцийн мах ирээд дуусаж байхтай таарлаа. Дөрвөн ууттай мах байна. Хоёр нь арай дөнгүүр гуяны мах байгаа нь нүдэнд туслаа. Түүнийг нь авах гэтэл “хүн авчихсан” гээд өгсөнгүй. Үлдсэн хоёр нь хариугүй юм. Дандаа өвчүү цорой голцуу юм байна. Түүнээс нэгийг нь авлаа” гэж  нөөцийн махны талаар хоёр хүн хоорондоо нэлээд дэлгэрэнгүй ярьж байхыг чагналаа. Тэдний ярианаас үзвэл нөөцийн мах эрэлт хэрэгцээтэй байгаа бололтой.


Нөөцийн махыг нийслэлийн дүүргүүдэд 45 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж байна. Энэ хаврын улирлын  хэрэгцээнд "Баатарууд Тэнгэр" ХХК, "Дархан меат фүүдс" ХХК, "Сүхбаатар мах маркет" ХХК-иуд нийт дөрвөн мянган тонн махыг 20 орчим тэрбум төгрөгөөр бэлтгэжээ. Бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг 2-3 кг-аар ангилан савласан гэнэ. Харин үнийн хувьд  үхрийн ястай махыг 7200, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр борлуулж байгаа аж. Нөөцөлж бэлтгэн борлуулж байгаа махны үнийг зах зээл дэх жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 14-31 хувиар хямд байна гэж ХХААХҮЯ мэдээлжээ. Бэлтгэсэн махны 50 хувийг хонь, 30 хувийг үхэр, 20 хувийг ямааны мах эзэлж байгаа гэнэ. 

2019 оны  хаврын нөөцийн мах бэлтгэлд улсын төсөвт 4.6 тэрбум төгрөг суулгажээ. Харин  боловсруулах үйлдвэр бүхий долоон аж ахуйн нэгж 10 мянган тонн мах бэлтгэн нөөцлөх хүсэлт ХХААХҮЯ-д гаргасан байна. Тэднээс нэр бүхий дээрх гурван аж ахуйн нэгж банкны шаардлага ханган мах бэлтгэжээ. Нийслэлийн хаврын улирлын махны хэрэгцээ дунджаар 12.2 мянган тонн байдаг аж.  Тэгвэл 2019 оны хаврын махны нөөц одоогийн байдал (нэмэгдүүлэх боломжтой)-аар хэрэгцээнээс  гурав дахин бага мах бэлтгэжээ. Ийм учраас нийлүүлэлт нь эрэлт хэрэгцээгээ гүйцэхгүй байгаа нь энэ болов уу.


Хүнсний захууд (Хархорин)-ад хонины ястай мах найман мянга 500 төгрөг Үхрийн ясгүй гуяны цул 12 мянган төгрөг байх жишээтэй. Мах ийм үнэтай байгаа талаар махны лангууныхан хөдөөнөөс мах орж ирэхгүй байгаа. Нөгөө талаар мах БНХАУ-д их хэмээгээр гаргаж байна гэсэн тайлбар хийх юм билээ. Харин нийслэлийн төр захиргааны байгууллага албан тушаалтнууд махны үнийг зохиомлоор өсгөж байна, түүнтэй тэмцэнэ гэх мэдээллийг сонин телевизээр мэдээлсэн билээ.


Манай улсын малын тоо толгой 66, 4 сая хүрсэн. Түүнээс есөн сая толгой мал бюу 180 мянган тонн мах экспортлох боломж бий гэж мэргэжилтнүүд хэлдэг.  Гэтэл  2018 онд 70,4 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. Энэ бол махны нийлүүлэлтэд нөлөөлөх хэмжээний экспорт биш гэнэ. Тэр Үнэн биз. Энэ байр сууринаас авч үзвэл махны үнийн өсөлт зохиомол гэж нийслэлийн засаг захиргаанаас мэдээлээд байгаа нь үндэслэлтэй бололтой. Гэхдээ одоогоор зах зээл (шинэ мах-д үнэ өндөр хэвээрээ байна. Дээр хэлсэнчлэн нөөцийн мах бага хэмжээгээр бэлтгэсэн нь энэ хаврын хувь (шинэ)-д махны үнэд нөлөөлөх нөлөөлөл хязгаарлагдмал байх магадлал өндөр байна.


Ер нь улсын хэмжээнд мал төхөөрөх 52 үйлдвэр, мах боловсруулах 110 үйлдвэр байгаагаас 103 үйлдвэр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж. Салбарын хэмжээнд нядалгааны 100 хоногт нийт 2.6 сая толгой бог, 608 мянган толгой бод төхөөрөх хүчин чадал бүхий үйлдвэр суурилагдсан аж. Гэвч үйлдвэрүүдийн хүчин чадлынх нь 20 орчим хувийг ашиглаж байгаа гэнэ.  Мал өсч байна. Махны үйлдвэртэй болсон байна. Гэвч нөөцийн махны эрэлт хэрэгцээ өндөр, хүрэлцээ муу байна гэж хэлэх хүний тоо олон байна.

Холбоотой мэдээ