МУИС-ийн захирал тэргүүтэй ажлын хэсэг Өвөрхангайд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-04-17 21:22:18

Өвөрхангай /МОНЦАМЭ/. МУИС-ийн захирал Я.Төмөрбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж, тус сургуулийн элсэлтийн бодлого, энэ жилийн элсэлтийн журмын онцлог, шинэлэг зохицуулалтын талаар аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн 300 гаруй, 11 дүгээр ангийн 250 орчим сурагчид танилцуулга, мэдээлэл хийлээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуяг, МУИС-ийн багш, доктор Д.Бумдарь, Д.Эрдэнэбаатар, Элсэлт бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Оюунбилэг нар багтжээ. 

Уулзалтаар “Мэргэжлээ сонгох нь”, “Ирээдүйн боловсролын чиг хандлага” сэдвээр лекц уншиж, өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинэчлэгдэж буй нийгэм, цаг үед боловсролын чиг хандлага хэрхэн хувьсаж, хаашаа чиглэж буйг, энэ эгзэгтэй цаг үед мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар мэдээлэл өгсөн юм. 

Я.Төмөрбаатар захирал хэлэхдээ "Зөвхөн бакалаврын зэрэгтэй төгссөнөөр тухайн ажлын байрныхаа шаардлагад нийцэж байгаа эсэх, энэ нь эцсийн зам мөн эсэхэд тухайн хүн өөрөө дүгнэлт хийх ёстой. Бакалаврын түвшинд ажиллаж, амьдраад байхад хангалттай гэж үзэж байвал мэдээж болно. Цаашдаа ажлын байрандаа өсөж хөгжинө, илүү өргөн мэдлэгтэй болно гэж хүсч байвал хүүхдэд дараагийн шатны мэдлэгийг олгохоос өөр зам байхгүй" гэв. Уулзалтын үеэр багш, сурагчдаас сурах орчин, сургалтын чанар, тэтгэлэг, хөнгөлөлтийн талаар асууж байлаа.

Дөрвөн жил багшийн заасныг сураад төгсөнө гэдэг одооны хүүхдүүдэд хангалттай биш. Тиймээс сурах явцдаа өөрийгөө нээж хөгжүүлэх, судалгаа хийх, нийгмийн бусад үйл ажиллагаанд оролцох зэргээр өөртөө шаардлага тавьж, ирээдүйд ажиллах ажлынхаа дадлага, туршлагыг олох ёстой гэдгийг ажлын хэсгийнхэн сурагчдад сануулав. Харин энэ орчин, нөхцөлийг МУИС  бүрдүүлж өгч чадна гэдгийг амалж байлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга Г.Ганболд хүлээн авч уулзан санал солилцов. 



Холбоотой мэдээ