“Galaxy Fold” гар утас эвдэрсэн шалтгааныг тогтооно

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2019-04-18 14:31:47

СӨҮЛ. /Yonhap/. АНУ-ын шүүмжлэгчдэд өгсөн Galaxy Fold” эвхэгддэг гар утас эвдэрсэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэж БНСУ-ын “Samsung” компани пүрэв гарагт мэдээлэв. 


Galaxy Fold” гар утсыг дөрөвдүгээр сарын 26-наас АНУ-д худалдаалж эхлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан энэхүү бүтээгдэхүүнийг хянан шалгуулахаар цөөн тооны төхөөрөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчдөд хүргэсэн байна.


Харин зарим сэтгүүлчийн мэдээлснээр, 2000 орчим ам.долларын үнэтэй “Galaxy Fold” гар утсыг хэрэглэж эхэлснээс хэдхэн хоногийн дараа эвдэрсэн ажээ.


"Манай компанийн мэргэжилтнүүд эвдрэлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна" гэж “Samsung” компаниас мэдээлээд, зарим шүүмжлэгч төхөөрөмжийн дэлгэцийн хамгийн дээд давхаргыг салгаснаас үүдэн эвдэрсэн байж болзошгүй гэж мэдэгджээ.


Samsung” компанийн мэдээлснээр, “Galaxy Fold” гар утасны дэлгэцийн дээд давхарга нь уян дэлгэцийг урагдахаас хамгаалдаг бөгөөд үүнийг салгаснаар гол дэлгэцэд ямар нэг эвдрэл үүсэх боломжтой ажээ. Түүнчлэн учир шалтгааныг тодруулж, хэрэглэгчдэд нэн даруй мэдээлнэ гэдгээ мэдэгдсэн байна.


Зургаан камераар тоноглосон “Galaxy Fold” гар утас нь 263 грамм жинтэй, 7.3 инчийн дэлгэцтэй /эвхсэн үед 4.6 инч/, 12 гегабайтын рамтай юм. Түүнчлэн дэлгэсэн үед 6.9 миллиметр зузаан байх бол эвхсэн үед байрлалаасаа хамааран 15-17 миллиметр зузаан болох ажээ. 

Холбоотой мэдээ