“Байкал-Экспо-2019“ үзэсгэлэнд оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо зохион байгуулж байгаа Олон улсын аялал жуулчлалын “Байкал-Экспо-2019“ үзэсгэлэнд Дундговь аймгийн ЗДТГ, БОАЖГ оролцож байгаа тухай аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Дөрөвдүгээр сарын 18,19-ний
өдөр зохион байгуулж байгаа Олон улсын энэхүү үзэсгэлэнд тус аймаг энэ зун
8 дугаар сард зохион байгуулах “Хотод ойрхон говь” нэгдсэн эвент болон “Уяхан
замбуу тивийн наран” урлагийн их наадмын үйл ажиллагааг сурталчилж оролцож
байгаа ажээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Буриад
улсын Засгийн газрын орлогч дарга Мишенин Алексей Сергеевич, Аялал жуулчлалын
яамны сайд Мария Боржовна Бадмацыреновна, тус улсын албаны бусад төлөөлөгчдөөс
гадна Дундговь аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн оролцож, үзэсгэлэнгийн тууз хайчлан үг хэлжээ.
Ц.Эрдэнэсүрэн нээлтийн үеэр хэлсэн
үгэндээ, “Дундговь аймаг айраг, дуу хуураар алдаршсан нутаг, анх удаагаа энэ
жил “Уяхан замбуу тивийн наран” урлагийн
их наадмыг аймагтаа зохион байгуулах гэж
байна. Энэхүү урлагийн их наадамд 3000 морин хуурч, уртын дуучдын гайхамшигт
тоглолт болно” хэмээн онцолж, Буриадын ард түмнийг энэхүү их наадамд оролцохыг урьсан
байна. Мөн цаашид олон улсын энэ үзэсгэлэнд Дундговь аймгаас өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн
ирж, оролцож байхаа илэрхийлжээ.
“Байкал-Экспо-2019“ олон улсын энэхүү
үзэсгэлэнд Буриад, Монгол, Хятад 3 орноос 130 гаруй байгууллага аж ахуйн нэгж
оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас Дундговь аймаг, "Хүннү эйр" компани оролцжээ.
Үзэсгэлэнгийн үеэр Буриад улсын
Засгийн газрын орлогч дарга Мишенин Алексей Сергеевич, Аялал жуулчлалын яамны
сайд Мария Боржовна Бадмацыреновна нар Дундговь аймагт болох “Уяхан замбуу
тивийн наран” урлагийн их наадамд хүрэлцэн
ирж, оролцохоо албан ёсоор мэдэгдлээ хэмээн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албанаас онцоллоо.