Налайх-Ургах наран хороолол хүртэл түр замаар зорчино

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-22 10:28:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх - Гачууртын уулзвар хүртэлх 20.9 км автозамыг шинээр тавихтай холбогдуулан хуучин бетон замыг хуулах ажил энэ сарын 15-нд эхэлсэн. Өнөөдрөөс тус замын Налайхын уулзвар - Ургах наран хороолол хүртэлх замыг хаасан байна. 


Хаасан замын дэргэд гаргасан түр замаар тээврийн хэрэгсэл зорчих юм байна. Ингэхдээ 3.5 тонноос бага жинтэй, 8-аас доош хүний суудалтай автомашин явахыг зөвшөөрчээ. Харин дээрх шаардлагаас илүү суудал, жинтэй тээврийн хэрэгсэл Налайхаас Төв аймгийн Зуунмод хотоор дайрч нийслэл рүү орох юм.


Нийслэлийн авто замын хөгжлийн газрын мэдээлснээр, ирэх сарын 01-нээс Баянзүрхийн товчооноос Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамыг бүрэн хааж, зам тавих ажлыг эрчимжүүлэх аж. 


НАЛАЙХЫН ЗАМААР ЗОРЧДОГ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРОВ




Налайхаас Улаанбаатарын чиглэлд нийтийн тээврийн хоёр чиглэлээс иргэд сонгон үйлчлүүлэх юм байна. Тодруулбал, Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар “Налайх-Офицеруудын ордон” чиглэлд бага оврын 12 автобус 06:20 цагаас 22:30 цаг хүртэл 13-14 минут тутамд үйлчлэх аж. Мөн Налайхаас Төв аймгаар дайрах хатуу хучилттай замаар “Налайх-Төв аймаг-120 мянгат” чиглэлд том оврын 10 автобус 06:20 цагаас 22:00 цаг хүртэл 26 минут тутамд явна.


Налайх дүүргийн 5 дугаар хороо буюу Городок, тус дүүргийн 6 дугаар хороо буюу Тэрэлжийн иргэд Налайхын “10 шар байр” хүртэл богино эргэлтээр зорчиж, Налайх - Улаанбаатар хүртэл дээрх хоёр чиглэлийн автобусанд дамжин суух юм байна. Харин Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу Хонхорын иргэд, “Хонхор-Офицеруудын ордон” чиглэлд бага оврын автобусаар зорчино. 


Нийтийн Тээврийн Үйлчилгээний газар иргэдийн санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.


Засгийн газраас шинэ замыг энэ сарын 15-нд эхлүүлж, 11 дүгээр сар хүртэл тавьж, ашиглалтад оруулахыг ЗТХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын багт үүрэг болгосон. Замыг ашиглалтад оруулах хугацаа богино учир 20.9 км замыг дөрөв хувааж нэг зэрэг тавьж эхлэхээр төлөвлөөд байгаа аж.

Налайхын шинэ зам олон улсын стандартад нийцсэн, дөрвөн эгнээ бүхий өндөр зэрэглэлийн бүрэн гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай байх юм.

Холбоотой мэдээ