АНУ-ын нутаг дээгүүр ажиглалтын нислэг үйлдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-22 11:05:01

МОСКВА. /TASS/. ОХУ-ын шинжээчдийн баг энэ сарын 22-27-ны хооронд АНУ-ын нутаг дээгүүр ажиглалтын нислэг үйлдэнэ. Энэ тухай “Улаан од” сонин ОХУ-ын Цөмийн аюулыг багасгах үндэсний төвийн дарга Сергей Рыжковын мэдээллээс иш татан уламжилжээ.


““Нээлттэй тэнгэр” олон улсын гэрээний хэрэгжилтийн хүрээнд Оросын шинжээчдийн баг Ту-214ОН нисэх онгоцоор АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэхээр төлөвлөж байна” гэж тус сонинд гарсан мэдээлэлд онцлон тэмдэглэсэн байна.


Зөвшөөрөгдсөн чиглэлийн дагуу нислэг үйлдэх үед гэрээнд заасан ажиглалтын төхөөрөмжийг ашиглаж буйг болон нислэгийн параметрийг даган мөрдөж байгаа эсэхийг Америкийн мэргэжилтнүүд бүхээгт байлцаж, хянах аж. Үүнээс гадна, ОХУ энэ сарын 23-27-ны хооронд Польшийн нутаг дээгүүр Ан-30Б нисэх онгоцоор ажиглалтын нислэг үйлдэнэ.


“Нээлттэй тэнгэр гэрээг” дэлхийн 27 улсын төлөөлөгчид Финландын нийслэл Хельсинки хотод 1992 оны гуравдугаар сарын 24-нд байгуулжээ. Уг гэрээний гол зорилго нь цэргийн үйл ажиллагаанд хяналт тавих механизмыг сайжруулах замаар улс орнуудын хооронд итгэлцлийг бий болгож, бэхжүүлэх, одоо хэрэгжиж байгаа зэвсэглэлд хяналт тавих гэрээг дагаж мөрдөх юм. Одоогийн байдлаар, гэрээнд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн 34 улс нэгджээ.


Холбоотой мэдээ