Монгол, Оросын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны баг хуралдлаа

Хилийн чанадаас
nandintsetseg@montsame.gov.mn
2019-04-24 09:55:39

Москва /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааны Монгол-Оросын Ажлын багийн анхдугаар хуралдаан энэ сарын 22-ны өдөр Москва хотноо боллоо.

 Хуралдаанд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Х.Наранхүү, Монгол Улсаас ОХУ дахь Хэргийг түр хамаарагч О.Очирмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Баяраа, Оросын талаас Ажлын багийн Оросын хэсгийн дарга, Аж үйлдвэр, худалдааны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтухов тэргүүтэй төлөөлөгчид оролцож хоёр орны аж үйлдвэр, боловсрол, худалдааны салбарын цаг үеийн болон бодлогын асуудлаар санал солилцсон юм.

 Тодруулбал, агаарын тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, хөнгөн аж үйлдвэр, гангийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг хоёр орны төлөөлөгчид онцлов. Түүнчлэн Монголын боловсролын тогтолцоонд Оросын боловсролын тоон шийдлийг нэвтрүүлэх, ашиглах боломж, Монголын Худалдааны төлөөлөгчийн газрыг Владивосток хотноо нээх эрх зүйн орчны талаар хэлэлцсэн юм.

ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтухов, "Хоёр орны аж үйлдвэр, худалдааны салбарын цаг үеийн болон бодлогын асуудлаар мэдээлэл солилцсон чухал, ажил хэрэгч, найрсаг хурал болсныг тэмдэглэсэн юм. Тэрбээр ирэх 5 дугаар сард Улаанбаатар хотноо зохиох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны ЗГХК-ын ээлжит 22 дугаар хуралдаанд биечлэн оролцохоо илэрхийлэв.

 Хуралдааны үеэр, Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа тогтоох, хөгжүүлэх саналтай Оросын компаниудын зарим төлөөлөлтэй манай төлөөлөгчид уулзаж, ажил хэргийн холбоо тогтоов.

Холбоотой мэдээ