Арилжааны банкны орлого зээлийн чанар

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-04-24 17:26:22

Аливаа зүйл хэд хэдэн талтай байдаг. Банк ч мөн ялгаагүй олон талтай байх нь ойлгомжтой. Тэр бүх талыг нэг дор авч үзэхэд хүрвэл олон салаа утга гарна.  Ийм хүндрэл бэрхшээл  гаргахгүй байх үүднээс  энэ салбарын зээл (зээллэг) гэсэн нэг үзүүлэлтийн талаар авч үзье. Капитал банк дампуур (4 дүгээр сарын 8)-сан энэ үед хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгох талаар Монголбанк их ярьлаа. Хадгаламж эзэмшигчдийн нөгөө талд зээлдэгчид гэж байна. Энэ талаар өнгөрсөн хугацаанд маш бага ярьсан гэж хэлж болно. Ийм болохоор банкны зээлийн талаар ярих шаардлага гарч ирж байгаа юм. Энэ оны 3 дугаар сарын байдлаар  арилжааны банкнуудын хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 913 тэрбум төгрөг, чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд 865,2 тэрбум төгрөг байгаа гэнэ. Энэ бол Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос гаргаж сайтдаа байршуулсан мэдээ.


Чанаргүй зээлийн ангилал (нэг их наяд 865,2 тэрбум)-д төлөлт нь товлосон өдрөөсөө 91-180 хэтэрсэн зээлдэгчийг оруулдаг юм байна. Тухайлбал иргэн та орон сууцны зээлтэй, банкны эдийн засагчтай харилцан ярилцаж зээлийн буцаан төлөлтийг клендарь (сар бүрийн нэг өдөр)-ийн 17 гэж сонгосон. Гэвч энэ оны 2,3,4 дүгээр сарын 17-нд эргэн төлөлтөө хийж чадаагүй бол таны зээлийг  чанаргүй гэсэн ангилалд оруулна. Тэгвэл зээлийн эргэн төлөлт 15 хоногоор хоцорвол хэвийн, 90 хоногт багтвал анхаарал татсан зээл гэсэн ангилалд орно. Эргэн төлөлт 180-360 хоногоор хоцорвол эргэлзээтэй , 360-аас дээш бол муу зээл гэж  ангилна.


Мэдээжийн хэрэг чанаргүй зээл банкны нийт зээлийн 14,9 хувьд хүрсэн гэх мэдээлэл  хэвлэлээр цацагдаж байна. Ийм хэмжээнд хүрч байгаа нь тухайн салбартаа анхааруулга өгч байгаа эхний дохио гэнэ. Чанаргүй зээлийн хувь хэмжээг доошлуулах тал (банкны хадгаламж эзэмшигчдийн эрсдэлийг буруулах даатгал бий болгосонтой адилхан зээлийн эрсдэлийг буруулах)-аар арга хэмжээ авах үүднээс УИХ-ын гишүүн Баттөмөр актив (чанаргүй зээлд менежмент хийх компани байгуулах)-ийн хуулийн төсөл боловсруулсан байна. Гэхдээ банкны зээл өнөөдрийг хүртэл дандаа эрсдэлтэй байсан уу гэвэл үгүй. Банкууд эрсдэлээ өөрсдөө хариуцан барьцаатай зээл олгодог. Зээлийн шалгуур нь маш өндөр явж ирсэн. Зээлийн барьцаанд байгаа эд хөрөнгө ( үл хөдлөх хөрөнгө) банкны салбарт хуримтлагдсан хөрөнгийн тодорхой хэсгийг бүрдүүлсэн гэхэд үнэнээс хол зөрөхгүй болов уу.


Арилжааны банкны шаардлага өндөр, барьцаа хөрөнгө  найдвартай борлогддог болохоор энэ салбар бусад салбарыг бодвол хамгийн түрүүнд хөл дээрээ босчээ. Банк хөл дээрээ босохтой зэрэгцээд аж ахуйн нэгж, иргэд (зээлдэгчид) хөл алдсан ( сэргэхгүй байгаа) гэнэ.  Аж ахуйн нэгж, иргэд хөл алдах нь чанаргүй зээлийн хувь хэмжээ өсгөх гол шалтгаан болдог. Ийм учраас банк өөрийгөө аврахын тул (чанаргүй зээлийн хэмжээг бууруулах)-д зээлийн хүүг буруулах хэрэгтэй болсон гэж бизнесийн байгууллагын төлөөллүүд хэлж байна. Аж ахуйн нэгжүүд үүдээ барьж, иргэд төлбөр ( банкны зээл төлөх)-ийн чадваргүй  болох нь хувь хүн, аж ахуйн нэгжтэй холбоотой мэт боловч үр дүн нь банкнаас гарсан зээл эргэж төлөгдөхгүй байх нөхцөл бүрдүүлнэ. Нөхцөл байдал ингэж буруу эргэвэл банк олноороо данпуурах магадлал өндөр болох гэнэ. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа 14 арилжааны банк толгой дараалан дампуурбал улсын санхүү, хөрөнгийн зах зээл нурна. Энэ байр сууринаас авч үзвэл арилжааны банкнууд зээлийнхээ хүүг одоо  бууруулах хэрэгтэй болсон  бус уу. Гэхдээ  арилжааны банкнууд хүүгээ бууруулах нь бусдын сайн сайханы төлөө хийж байгаа зүйл биш. Харин өөрийнхөө хөгжил дэвшлийн төлөө хийж байгаа анхны алхам болох гэнэ.


Ер нь зээлийн хүү буурахгүй байгаа явдлыг олон янзаар тайлбарладаг (хадгаламжийн хүү, шалгуур өндөр гэх мэт). Үнэхээр тэдгээрээс шалтгаалтгаалдаг бол чанаргүй зээл гэж гарахгүй байх ёстой. Гэтэл банкны чанаргүй зээл гэж бий болоод бүр өсөөд байгаа юм байна. Энэ нь тэднээс шалтгаалахгүй байгааг харуулсан хамгийн наад захын  жишээ биш гэж үү. Зээлийн хүүгээ өндөр байлгах үүднээс банкныханы тоочиж байгаа дээрх зүйлүүд шалтаг болохоос бодит шалтгаан биш бололтой. Зээлийн хүү ийм өндөр байгаа нь хожим арилжааны банкууд  “улс үндэстнийхээ толгойг залгих” (эхийнхээ толгойг залигдаг үр могой шиг) хэмжээний аюул учруулах вий дээ. Тийм зүйл  бүү болоосой. Ийм муу,  муухай бүхэн  биднээс гадуур, гадуур, гадуур...


Улсын эдийн засаг зах зээлийн харилцаанд шилжсэнээр арилжааны банкны талаар УИХ-аас дандаан ээлтэй шийдвэр гарч байсан гэж “эдийн засгийн чуулган-2019” арга хэмжээний завсарлагаар Хасбанкны гүйцэтгэх захирал М. Болд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө онцолсон  байна билээ. Эрх зүйн таатай орчин бүрдсэн болохоор тус салбарт 33 их наяд төгрөгийн хөрөнгө хуримтласан гэнэ.  УИХ өнгөрсөн хугацаанд арилжааны банкнуудын талаар таатай эрх зүйн орчин бүрдүүлж чаджээ. Тэгвэл одоо зээл олгодог банк (ББСБ)-ууд аж ахуйн нэгж, ард иргэдэд зээлийн хүүгээ буулган таатай орчин бүрдүүлэх шаардлагатай болсон юм биш үү. Харин өнгөрсөн хугацаанд банкны хүү бууруулах талаар хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аас ямар нэг шийдвэр гарч байгаагүй юм билээ.


Банкны зээлийн хүү буруулах талаар яриа гарч ирхэд “Монголын банкнуудын холбоо”  гэх Төрийн бус байгууллага (ТББ) “ захиргааны журмаар банкны хүү  буруулах нь улсын эдийн засагт аюултай. Жам ёсоороо зах зээлийнхээ зарчимаар зээлийн хүү буурах ёстой “ гэх сүржин мэдэгдэл хийдэг. Тус холбоог араас нь “шүрүүпдэж” ийм үг хэлүүлдэг гол банк нь ХХБ гэж зарим эдийн засагчид хэлдэг.  


Төвбанк (Монголбанк)  арилжааны банк гэсэн хоёр шатлалтай болох үйл явц 1990 оны нийгэм, эдийн засагт гарсан өөрчлөлттэй салшгүй холбоотой. Тухайн үеийн Улсын банкны ерөнхий хорооны гадаад тооцоо (1991он)-ны хэлтэс ХХБ. Харин хөрөнгө оруулалтын газар нь Хөрөнгө оруулалт технологи шинэчлэл (ХОТШ)-ийн банк болсон юм. ХХБ арилжааны том банк болж чадсан. Харин  ХОТШ банк нь дампуурчээ. Банк хоёр шатлалтай болсоноос өнөөдрийг хүртэл олон банк дампуурсан, бас хоорондоо нэгдсэн байх юм. Ийм жишээ олныг дурьдаж болно. Тэр бүхнийг энд дурьдвал далай болно.

Холбоотой мэдээ