Ази тивийн АШТ-ийг 1 мөнгө, 2 хүрэлтэй дуусгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-25 11:47:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн “Ши Ань-2019” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр 74 кг-ын жинд ОУХМ Батсуурийн Отгонбаяр хүрэл медаль хүртэв.

 

Азийн аварга /23 хүртэлх насны/, “Хангай хүчтэн” клубийн тамирчин Б.Отгонбаяр ийнхүү насанд хүрэгчдийн Ази

тивийн хүрэл медальтан болсон бөгөөд 1/8 шигшээд Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Данияр Кайсановт 1:8-аар ялагдсан ч өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан юм.


Улмаар дагах барилдаанд Узбекистаны Артём Присьянюкыг цэвэр ялсан байна. Хүрэл медалийн төлөөх барилдаанд олимпийн хошой, дэлхийн болон Европын аварга ОХУ-ын алдарт бөх Мавлет Батировын дүү “Будапешт-2018” ДАШТ-ий мөнгөн медальт, 2016 оны Ази тивийн аварга Бахрейний Адам Батыровтой барилдах байв. Харин түүний өрсөлдөгч нь дэвжээнд гараагүй улмаас Б.Отгонбаяр хүрэл медалийн эзэн болжээ.


Мөн эрэгтэйчүүдийн 86 кг-д 23 хүртэлх насны дэлхийн болон АТАШТ-ий хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ-ий хошой мөнгөн медальт, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Ганбаатарын Ганхуяг Монголын эрэгтэй бөхчүүдийн хоёр дахь хүрэл медалийг авлаа. Г.Ганхуяг 1/8 шигшээд Европын залуучуудын аварга, Али Алиев, Александр Медведь, Тахтийн цомд түрүүлсэн Киргизийн Дагестан легионер Алигажи Гамидгажиевт 2:4-өөр ялагдсан. Өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагах барилдаан гарав. Дагах барилдаанд Японы Такахиро Мүраямаг 1:1-ээр, хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд 2014 оны залуучуудын АТАШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Абдурасул Вахобовыг 4:0-ээр ялж хүрэл медаль хүртэв. Ийнхүү Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид нэг мөнгө (Ө.Батзул), хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай тэмцээнээ дуусгав.


Өнөөдөр эмэгтэйчүүдийн болон сонгомол барилдаан эхлэх бөгөөд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг жингийн урьдчилсан болон шигшээ барилдаан болно. Энэ өдөр манай эмэгтэй шигшээ багаас 50 кг-д Ц.Намуунцэцэг, 55 кг-д Б.Дөлгөөн, 59 кг-д А.Батцэцэг, 68 кг-д С.Батцэцэг, 76 кг-д Н.Загардулам нар хүч, ур чадвараа сорин барилдана. 

Холбоотой мэдээ