С.Шойгу: Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх хэлэлцээрийг сэргээхээр ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
183@montsame.mn
2019-04-25 17:10:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас олон улсын аюулгүй байдлын асуудлаар жил бүр зохион байгуулдаг ээлжит бага хурал найм дахь удаагаа болж  байна. Тус хуралд гадаад улсуудын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын судлаач, шинжээчид, Нэгдсэн үндэстний байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын улаан загалмайн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл бүхий 111 орны 1000 гаруй зочид төлөөлөгч оролцож байна.

Бага хуралд оролцогчдод ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ дэвшүүлснийг ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Патрушев уншиж танилцуулжээ. Бага хуралд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу, Гадаад хэргийн сайд С.Лавров, Гадаад тагнуулын албаны захирал С.Нарышкин нарын зэрэг хүмүүс илтгэл тавьж олон улсын аюулгүй байдлын гол асуудалд ОХУ-ын байр суурийг илэрхийлэв.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд бага хуралд оролцох үеэрээ, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай хоёр талын уулзалт хийж, салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцжээ. Сайд С.Шойгу өнгөрсөн онд эх орондоо халуун дотно хүлээн авсанд талархал илэрхийлээд Орос, Монголын цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгааг тэмдэглэв.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын аюулгүй байдлын ээлжит бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаад  ОХУ-ын Батлан хамгаалах яаманд баяр хүргээд, халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлэв. Мөн хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарсныг тэмдэглэж цаашид улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтаар С.Шойгу Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээхээр ажиллаж байгаа тухай мэдээлээд, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Армийн Александровын нэрэмжит дуу бүжгийн эрдмийн чуулга, уран нислэгийн  үзүүлбэрийн “Стрижи” нисэх багийг оролцуулахаа баталгаажуулсан байна. Н.Энхболд энэ ойг угтаж Дорнод аймгийн Халхгол сумыг Орос Улсын тусламжаар жишиг сум болгох бүтээн байгуулалтын ажил амжилттай явж байгаад талархал илэрхийлээд ойн баярт ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн Монгол Улстай хил залгаа ОХУ-ын Цэргийн тойргуудын хамтын ажиллагааны уламжлалыг сэргээж ОХУ-ын Дорнодын цэргийн тойрог Монгол Улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг дэмжихээ сайд С.Шойгу илэрхийлээд тус тойргийн командлагч дэслэгч генерал Г.Жидко ойрын үед Монгол Улсад айлчлахыг нотлов. Түүнчлэн өнгөрсөн онд Монгол Улсад шилжүүлж өгсөн нисэх буудлын үйлчилгээний техник хэрэгслийг ашиглахад сургах мэргэжилтнүүдийг Монгол Улсад илгээх боломжтойгоо мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ