Малын хулгайтай тэмцэх хуулийн төсөл өргөн мэдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-26 15:02:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн З.Нарантуяа Малын хулгайтай тэмцэх хуулийн төсөл боловсруулж байгаагаа өнөөдөр мэдээлэв.


Монгол Улсын хэмжээнд 2017 онд малын хулгайн хэрэг 901 бүртгэгдэж байсан бол өнгөрсөн жил 1096 болж өсжээ. Эрүүгийн хуулийн 17.12 дахь заалтад наймаас дээш бод, 24 дээш тооны бог мал хулгайлсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөлд тооцно хэмээн заажээ. Өөрөөр хэлбэл, долоон бод эсхүл 20 бог хулгайлсан бол хөнгөн гэмт хэрэгт хэмээн үзэж, нийгэмд тустай хөдөлмөр хийлгээд өнгөрдөг байна. Тиймээс Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулж, малын хулгайлсан этгээдэд ногдох шийтгэлийг хүндрүүлэх ёстой гэдгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэллээ.


Тэрбээр, “Орон нутгийн иргэдтэй уулзахад нэн тэргүүнд малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд анхаарах шаардлагатай байгааг хэлж байна. 2019 оны эхний гурван сард малын хулгайн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 80 хувиар өссөн байна. Тиймээс Малын хулгайтай тэмцэх тухай хуулийн төсөл боловсруулж, Эрүүгийн болон Зөрчлийн хуульд малын хулгайн гэмт хэргийг тусгай бүлэг болгон оруулах шаардлагатай хэмээн үзэж, сүүлийн хоёр сарын турш судалгаа хийлээ. Хуулийн төслийг УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган хаахаас өмнө өргөн мэдүүлэх болно” гэлээ.

Холбоотой мэдээ