Нөхөн сонгуульд нийт 17906 сонгогч санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-04-30 16:35:18

Хэнтий /МОНЦАМЭ/ УИХ-ын 42 дугаар тойрогт Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан сум, Тахилгат, Өлзийт тосгон багтдаг бөгөөд нийт 17906 сонгогч санал өгнө.

Хүн амын тооноос хамаарч Хэрлэн суманд 11, Мөрөн, Жаргалтхаан суманд тус бүр тав нийт 21 санал авах байр ажиллах юм байна.

Хэнтий аймгийн Сонгуулийн хороо хоёр дахь хуралдаанаа хийж, үйл ажиллагааны төлөвлөгөө, гишүүдийн ажил үүргийн хуваарь, сумдын сонгуулийн хороо байгуулах асуудлыг тус тус хэлэлцэж баталлаа. Мөн Хэрлэн суманд долоо, Мөрөн, Жаргалтхаан суманд таван хүний бүрэлдэхүүнтэй сумын Сонгуулийн хороог байгуулав.

Сонгуулийг зохион байгуулах ажлын хэсэгт төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид ажиллах бөгөөд бүгд сургалтад хамрагдаж гэрчилгээ авчээ. Тус аймгийн Сонгуулийн хорооны гишүүд нь 5-6 сонгуулийг зохион байгуулсан туршлагатай аж.
Дашрамд сонирхуулахад, тавдугаар сард багтаан намууд СЕХ-нд нэр дэвших хүсэлтээ гаргах бол бие даан нэр дэвшигчид аймгийн Сонгуулийн хорооноос тусгай маягт авч 800-аас доошгүй хүний гарын үсэг цуглуулснаар нэр дэвших эрхээ авах юм.

Ирэх зургаадугаар сарын 5-ны дотор нэр дэвшигчид тодорхой болно.

Холбоотой мэдээ