БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалт

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-04-30 17:42:21

Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга (4 дүгээр сарын 24-28) БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд олон баримт бичигт гарын үсэг зурлаа. Ажил хэрэг болгосон зүйл ч арвинтай ирлээ. Тэр бүхэнтэй зэрэгцээд төрийн тэргүүний албан ёсны айлчлалыг хэвлэлүүд өөр өөрийнхөө өнцгөөс харж байр сууриа илэрхийлж байна. Аливаа зүйлийг сөрөг талаас нь харж үр дүнг нь сул, доогуур  гэж урьдчилан дүгнэлт хийх оролдлого гарч байна. Ийм санаа бодолтой хүмүүст түр азна гэж хэлэхэд илүүдэхгүй болов бололтой. Төрийн тэргүүний айлчлалын хүрээнд БНХАУ-аас 700 сая юань (280 тэрбум төгрөг)-ийн тусламж дэмжлэг авах нь тодорхой боллоо. Дэмжлэг авах нэг хэрэг. Харин түүгээр юу хийж бүтээх нь бидний хувьд чухал.

Ерөнхийлөгчийн ивээл доор 2020 онд “Азийн хүүхдүүд” спортын наадам болно. “Буянт-Ухаа” дахь спортын ордоныг олон улсын уралдаан тэмцээн явуулах цогцолбор болгон хөгжүүлэхэд, тухайн мөнгө (700 сая юань)-ний зарим хэсгийг зарцуулах талаар харилцан ярилцаж ойлголцолд хүрчээ. Гэхдээ хэдэн хувийг нь зарцуулах вэ гэдгийг Засгийн газар эцэслэн шийдвэрлэх гэнэ. "Азийн хүүхдийн" спортын наадамд 21 төрлөөр 57 орны гурван мянга 700 өсвөрийн тамирчин оролцох таамаглал  мэргэжлийн байгууллага гаргаад байгаа аж. Энэ бол зөвхөн тамирчдын тоо. Тэднийг  дасгалжуулагчид, албаны хүмүүс дагалдах нь олгомжтой. Тэр бүхнийг нэмэж тооцвол овоо тоо гарна. Гэтэл манай улсад одоогийн байдлаар олон улсын уралдаан тэмцээн явуулах, тухайн орчинд тэднийг хүлээн авах зочид буудал,  иж бүрэн тоноглогдсон байр савны хүрэлцээ, ямар байгаа билээ. Үнэнийг хэлэхэд БНХАУ-ын тусламжаар барьсан ганц ордон (Буянт- Ухаа дахь)-оос өөр бусдын нүдэнд үзэгдэх, гарт нь баригдах  байшин, сав байхгүй байгаа шүү дээ.


Ийм учраас байгаа ганцыгаа тордох, түүнийгээ өргөжүүлэх нь бидний үндсэн зорилт болоод байна. Мэдээжийн хэрэг бүхнийг гүйцээхэд хөрөнгө мөнгөний хомсдол бидэнд гарна. Тэр том орон зайг төрийн тэргүүний айлчлалын хүрээнд шийдвэрлэсэн дээрх  мөнгийг зориулах нь. Үүнийг том дэмжлэг, сайн  үзүүлэлт гэж үзэж болно. Гэтэл манай зарим нэг хэвлэл мэдээлэл БНХАУ-ын тусламжийг “Азийн хүүхдүүд” спортын наадмын хүрээнд  “Буянт-Ухаа” дахь спортын ордоныг цогцолбор болгон өргөжүүлэх нь буруу гэж “бурж” байх жишээтэй. Тэдний үзэж байгаагаар бол түүгээр эмнэлэг, сургууль барих ёстой байсан юм байх. БНХАУ-ын тусламжаар БСШУС-ын сайдын багцад 2018-2020 онд таван мянга 720 хүүхдийн багтаамжтай  долоон сургууль, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 120 хүүхдийн цэцэрлэг барихад 300 сая юань зарцуулна. Түүнээс  2019 онд зургаан тэрбум 500 сая төгрөг зарцуулна гээд орчихсон байх жишээтэй. Энэ бол ганцхан жишээ. Тус улсын тусламжаар манай улсад хийж байгаа бүтээн байгуулалтыг олж харж чадаагүй хэрнээ Ерөнхийлөгчийг тус улсад айлчлаад гар хоосон ирж байгаа мэтээр гөрдөх нь бодит үнэнд нийцэхгүй байна. БНХАУ-ын буцалтгүй тусламж , хөнгөлөлттэй зээлээр салбарын сайд бүрийн багцад (2018-2022 он хүртэл) тодорхой барилга, обьект барина. Түүнээс  2019 онд зарцуулах мөнгөн  дүнг нь  зоочихсон байна. Энэ баримт бичгийг сөхөж (хийх ажлын төлөвлөгөөг интернэтэд байршуулсан) үзэх хэрэгтэй болжээ.


Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ Бээжин хот (4 дүгээр сарын 26, 27-нд) болсон “Бүс ба зам” олон улсын арга хэмжээнд оролцож үг хэллээ. Тэрбээр,  Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр оновчтой холбох, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын үр ашигтай шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх, уг саналыг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой асуудлыг зохицуулах үүрэг бүхий байгууллагыг Улаанбаатар хотноо байгуулах саналыг миний бие Зүүн хойд Азийн түнш орнууддаа дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Хэдийгээр Зүүн хойд Азийн бүс нутгийн ихэнх улс өөр, өөрийнхөө онцлогт тохируулан эдийн засгийн тооцоо, судалгаа хийсэн боловч, тэдгээрийг уялдуулах шаардлагатай байгаа юм. Бүс нутгийн орнууд энэхүү санаачилгыг дэмжинэ гэдэгт итгэж байна.

Эрчим хүч үйлдвэрлэлийн нөөц, хүчин чадал, дамжуулах үлэмж өндөр хүчдэлийн шугам, хэрэглэгчид ачааллаа удирдахад эдийн засгийн хамгийн оновчтой шийдэл нь энэ сүлжээ болох боломжтой. Энэхүү төсөл нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх, нүүрс хүчлийн хий ялгарахыг бууруулж, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийн зорилтууд, бүс нутгийн орнуудын эдийн засгийн ашиг сонирхолтой нийцэж байгаа юм. Хамгийн чухал нь оролцогч улсуудын иргэдэд хямд, хүртээмжтэй эрчим хүч хэрэглэх боломж олгох чухал ач холбогдолтой юм.

Бүс нутгийн орнуудын төр-хувийн хэвшлийн олон талт түншлэлийн энэхүү төсөлд идэвхтэй дэмжиж, хамтран ажиллахыг та бүхнээс хүсье хэмээн хэлж, бүс нутгийн хамтын хөгжлийн талаар байр сууриа илэрхийлжээ.

Монгол улсын хувьд, мөнхийн хоёр хөрштэй. Хоёр хөршийг дэлхийн их гүрэн гэж хэлж болно. Ийм учраас хоёр хөршийн хамтын ажиллагаа хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламжийг оновчтой ашиглах нь бидний хөгжлийн олон гарцын нэг байх болно. Монголчууд  “авах хүн бөхийнө, өгөх хүн гэдийнэ” гэж хэлдэг. Түүний нэгэн адилаар урд хөршийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтад хандах хандлагаа өөрчлөх (бөхийж сурах)-ийг цаг үе биднээс шаардах боллоо. БНХАУ,  Монгол Улсад өгсөн мөнгө (буцалтгүй тусламж), хөрөнгө оруулалтаа хэзээ ч мартахгүй. Бид бас тэдний нэгэн адил тэднээс авсан мөнгө (буцалтгүй тусламж) оруулсан хөрөнгийг нь мартаж болохгүй. Харин арвижуулах хэрэгтэй. Тэгвэл тэднээс бидэнд хандах хандлага, бодлого өөрчлөгдөж үр дүнгээ өнөөдрийнхөөс илүү өгнө. 

 

 

Холбоотой мэдээ