Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын онцлогийг илтгэсэн 200 гаруй үзмэр дэлгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын албаны үйл ажиллагаа, алба хаагчдын амжилт бүтээл, аймаг, орон нутгийн онцлогийг илтгэсэн үзэсгэлэнг Онцгой байдлын албаны түүхэн музейд дэлгэлээ.
Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг тохиолдуулан ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачилгаар зохион байгуулж буй тус үзэсгэлэнд Хөвсгөл нутгийн түүхэн замнал, онцлог, дурсгалт газрууд, соёл, уламжлалын эд зүйлс болон Онцгой байдлын газрын түүхэн цомог, үе, үеийн алба хаагчдын хувцас хэрэглэл, цуглуулга, гар урлал, амжилт, алдрыг танилцуулсан нийт 200 гаруй үзмэр дэлгээд байна.
Тус аймгийн Онцгой байдлын газар нь Гал түймэр унтраах, аврах 27, 73, 46, 69 дүгээр анги, Эрэн хайх, аврах салбар, Улсын нөөцийн салбарын нийт 200 гаруй алба хаагчтайгаар аймаг, орон нутгийн хэмжээнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа аж.