Малжуулах хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-05-03 19:13:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчин өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр үргэлжилсэн хэвээр байгаа тухай ХНХЯ-наас мэдээлж байна.

Малгүй болон цөөн малтай иргэдийг ажлын байртай болгох уг хөтөлбөрт өнөөгийн байдлаар 21 аймаг болон нийслэлээс алслагдсан дүүргийн 12.500 малчин өрхийг хамруулаад байна. Хөтөлбөрт оролцож малчнаар ажиллах иргэд оршин суугаа газрынхаа болон аймаг, сумын Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүсэлтээ гарган бүртгүүлэх юм. Хөтөлбөрийн хүрээнд, малгүй иргэдэд таван сая төгрөг хүртэлх мөнгөөр, зах зээлийн үнээс хямдаар мал худалдан авч өгөх аж.

Төсөлд 18-45 насны, хоёроос доошгүй ам бүлтэй, малгүй болон 200 хүртэлх тоо толгой малтай өрхийг хамруулж байна. Өмнө нь дээрх хөтөлбөрт 150-200 малтай өрхийг хамруулж байсан бол энэ жилээс малгүй иргэдийг оролцуулахаар болжээ.

Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж байнгын ажил, тогтмол орлоготой болгох боломж МАА-н салбарт байгаа учир хот суурин газраас хөдөө, орон нутагт шилжин суурьшиж малчин болох, олон малтай малчны малыг гэрээгээр маллах хөдөлмөр эрхлэлтийн бас нэг хэлбэрийг дэмжих үүднээс мөн ХНХЯ-наас “Гэрээт малчин” болон иргэдийг малжуулах төслийг хэрэгжүүлж байна.

Б.Болд

Холбоотой мэдээ