Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар танилцуулсан. УИХ-ын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг баталсан бөгөөд тус бодлогын зарчим, зорилтод нийцүүлэн эрдэс баялгийн салбарын холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлж, батлуулан, хэрэгжүүлэх” үүргийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна.
ХЗДХ-ийн сайдын 2017 оны “Уул уурхайн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлын баг байгуулах тухай” А/67 дугаар тушаал баталсан. Уг ажлын баг нь Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын хэвлийн тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай, зэрэг эрдэс баялгийн салбарын 10 хуульд дүн шинжилгээ хийж, нийт 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл тогтоожээ. Иймд судалгааны багийн ажлын тайланд дурдагдсан нийт 567 давхардал, хийдэл, зөрчилтэй асуудлуудыг хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах бүрэн эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт буцааж олгох талаар холбогдох хуулийн төслийг боловсруулжээ. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хэд хэдэн журмыг батлах эрхийг олгохоор мөн холбогдох хуулийн төсөлд тусгаад байгаа гэв. Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн тухай зохицуулалтыг оруулаагүй, орхигдуулсныг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Стратегийн ач холбогдол бүхий ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаарх гэрээг аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулж, стратегийн ач холбогдол бүхий ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс бусад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тус гэрээг сум, дүүргийн Засаг даргатай байгуулахаар тусгасан болохыг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан.
Төслүүдийг баталснаар Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдэл арилж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд, орон нутгийн иргэд төдийгүй төрийн байгууллагын түвшинд үүсээд байдаг хүндрэлтэй асуудлууд шийдэгдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Мөн эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжуудын хийдэл, зөрчил, давхардлыг арилгаснаар ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлэхэд чухал алхам болно гэдгийг салбарын сайд танилцуулгынхаа төгсгөлд онцоллоо.
ЭЗБХ-ны өнгөрсөн сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн Б.Бат-Эрдэнэ, Ц.Гарамжав, Б.Баттөмөр, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авснаар ажлын цаг дууссан тул чуулганы хуралдаан хаав.