Хүүхдийн тасгийн анхны сувилагч О.Цэнд-Аюуш сангийн нэрэмжит шагналын эзэд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-05-06 23:01:07

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн эмч мэргэжилтний ажлыг үнэлэх, олон нийтэд алдаршуулах зорилготой Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн анхны сувилагч О.Цэнд-Аюуш сангийн нэрэмжит шагналыг жил бүр олгодог уламжлалтай.

Энэ хүрээнд 2019 оны шилдгүүдийг шалгаруулж шагналыг нь түүний хүү УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гардуулан өглөө. Энэ оны шилдэг мэргэжилтнээр Эрүүл мэндийн газрын ЭТҮХ-ийн ахлах мэргэжилтэн М.Мөнх-Аюуш, Нэгдсэн эмнэлгийн Халдварт, сүрьеэгийн тасгийн ерөнхий мэргэжилтэн Ч.Саранцэцэг, шилдэг эмчээр Нэгдсэн эмнэлгийн Хавдарын их эмч Т.Цэрэнсүрэн, Рэнчинлхүмбэ сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Нансалмаа, шилдэг сувилагчаар ЗӨСТ-ийн сувилагч Д.Ундармаа, Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ц.Тунгалаг, шилдэг тусгай мэргэжилтнээр Цагаан-Уул сумын эх баригч Н.Оюунбилэг, Нэгдсэн эмнэлгийн эм найруулагч Б. Чимгээ, Баянзүрх сумын Эрүүл мэндийн төвийн ажилтан П.Энхтуяа, шилдэг ажилтнаар Нэгдсэн эмнэлгийн үйлчлэгч Т.Байгалмаа, Их-Уул сумын сум дундын эмнэлгийн туслах сувилагч М.Бямбасүрэн нар шалгарсан байна

Шагналыг Хүүхдийн  тасгийн  анхны  сувилагч О.Цэнд-Аюушийн хүү Л.Энх-Амгалан гардуулан өгөхдөө "Ээж маань аймгийн эмнэлгийн Хүүхдийн тасагт 36 жил сувилагч хийсэн. Гурван эгч эмч хэмээх мэргэжил эзэмшсэн болохоор манай гэр бүл эрүүл мэндийн салбараар амьсгалсан айл байжээ. Ээжийнхээ нойр хоолгүй, олон жил зүтгэсэн мэргэжлийг нь хүндэтгэж "О.Цэнд-Аюушийн нэрэмжит" шагналаар аймгийнхаа эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, ажилтнуудыг сүүлийн 8 жил шагнаж байна. Шагналын сан өндөртэй гэхээс илүү ээжийн минь нэрэмжит шагналыг гардан авах нь илүү нэр төрийн хэрэг байдаг гэсэн үгийг сонсох надад сайхан байдаг. Өдгөө энэ шагналыг эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажилласан цэвэрлэгч, жолоочоос аваад мэргэжилтэн, асрагч, сувилагч, эмч гээд 70 орчим хүн хүртээд байна" гэдгийг онцолж байлаа.


Холбоотой мэдээ