Нийслэлийн төр, захиргааны байгууллага зун найман цагаас ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарийг зохицуулах асуудлыг хэлэлцэж, Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар баталлаа.
Захирамжид, “Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай
холбогдуулан байгалийн гэрэл ашиглаж эрчим хүчийг хэмнэх, ажлын бүтээмжийг
нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёлыг төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах
зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг жил бүрийн
зургадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний хооронд 8.00 цагт, бусад сард 9.00 байхаар тогтоосугай” гэжээ.
Тус захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж,
биелэлтийг нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
М.Отгонбаярт даалгав.
Бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан
нийслэлийн төр, захиргааны байгууллагын даргын зөвшөөрөл авах,
тамга даруулах, гарын үсэг зуруулах гэх мэт бичиг цаасны ажлаа эрт амжуулах
шаардлага иргэд, аж ахуй нэгжийн өмнө тулгамддаг тул уг захирамжийг баталжээ.