Өвөр Байгалын хязгаарт "Монгол хэл, соёлын жил"-ийг нээлээ

Дэлхийд | Соёл урлаг
Jargal.d@montsame.mn
2019-05-09 12:04:43

ЧИТА. /TASS/. "Монгол хэл, соёлын жил"-ийг нээх ёслолын ажиллагаа ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Чита хотын драмын театрт лхагва гарагт боллоо. Уг ёслолд зориулсан концертыг “Өвөр Байгал” чуулгын уран бүтээлчид "Калинка" орос ардын дуугаар нээсэн бөгөөд дараа нь Монголын “Хан Хэнтий” чуулгын морин хуурчид тогложээ.


“Өвөр Байгалын хязгаар Монгол Улсын хил орчмын хоёр бүс нутаг болох Дорнод, Хэнтий аймагтай эртнээс нягт хамтран ажиллаж байгаа билээ. Бид худалдаа, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажилладаг. Хоёр талын хамтын ажиллагаа цаашид үргэлжилж, хөгжинө гэдэгт, мөн "Монгол хэл, соёлын жил"-ийн бүх үйл ажиллагаа Өвөр Байгалд амжилттай болно гэдэгт итгэлтэй байна” гэж тус хязгаарын шадар сайд Аягма Ванчикова ярилаа.


"Монгол хэл, соёлын жил"-ийг нээх ёслолын ажиллагааны өмнө 1939 оны үйл явдалд зориулсан “Халх голын тулаан” үзэсгэлэнгийн гэрэл зургуудыг Чита хотын драмын театрын завсарлагын танхимд дэлгэжээ. Баярын концертод Монголын аймгуудын уран бүтээлчид оролцож, ардын дуу, бүжиг, хөгжмийн тоглолтоо толилуулсан байна. Хөрш орны зочид мөн Аугаа Эх орны дайнд оролцогчдын дурсгалыг хүндэтгэж, дайны үеийн дуунуудыг дуулжээ. Ёслолын үйл ажиллагаа Өвөр Байгалын хязгаар болон Монголын Дорнод аймгийн соёлын байгууллагуудын хооронд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурснаар дууссан байна.


Монголын Хэнтий болон Дорнод аймагт 2018 оныг "Орос хэл, соёлын жил" болгон зарлаж, Чойбалсан, Чингис хотуудад Оросын кино өдөрлөгүүд, Орос-Монголын найрамдлын өдөрлөгүүд болж байв. "Орос хэл, соёлын жил"-ийн хүрээнд Өвөр Байгалын хязгаарын уран бүтээлчид Монголд аялан тогложээ. Түүнчлэн хөрш орны оршин суугчдад казахууд болон Сибирийн хуучин итгэгчдийн /XVII зууны сүмийн шинэчлэлийг үл хүлээн зөвшөөрдөг үнэн алдартны шашинтнууд/ соёлын тухай үзэсгэлэнг сонирхуулсан байна.


Хэнтий аймаг нь Монголын зүүн хойд нутагт оршдог бол Дорнод нь тус улсын зүүн нутгийн аймаг юм. Хоёр аймаг хоёулаа Өвөр Байгалын хязгаартай хиллэдэг. Монгол Улсын нийт хүн амын 4.5 орчим хувь нь буюу 134 мянган хүн тус хоёр аймагт оршин суудаг байна.


Холбоотой мэдээ