Алтан хальс ОУ-ын кино наадмын уралдаант хэсэгт 38 кино шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
altankhuyag@montsame.mn
2019-05-13 11:37:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголын кино институт"-ээс долоо дахь удаагаа зохион байгуулж буй “Алтан хальс” олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарсан бүтээлүүд тодорлоо. Энэ жилийн наадмын уралдаант хэсэгт Монголын болон Олон улсын нийт 64 орны 480 кино ирсэн бөгөөд нийт 38 богино хэмжээний кино бүтээл шалгарсан юм.


Харин монгол уралдаант хэсэгт 31 бүтээл бүртгүүлснээс 19 кино шалгарсан бөгөөд хүүрнэлт, эксперименталь төрлийн кино давамгайлж байв. Мөн энэ хэсэгт уг кино наадамд 2013 оноос хойш бүтээлээ ирүүлсэн 10 уран бүтээлчээс гадна шинээр есөн уран бүтээлчийн бүтээл шалгарсан нь онцлог байв.

 

Харин Олон улсын уралдаант хэсэгт 449 бүтээл ирүүлснээс шүүгчдийн баг бүрэлдэхүүн мөн 19 бүтээлийг тодруулав. Улс орноор нь авч үзвэл, 88 бүтээл бүртгүүлснээрээ АНУ тэргүүлж байна. Олон улсын уралдаант хэсэгт Америкийн дөрөв, Швейцарын гурав, Германы хоёр, Францын мөн адил хоёр бүтээл шалгарснаас гадна Австри, Бельги, БНХАУ, ОХУ, Япон зэрэг улсын бүтээлүүд шалгарчээ.

 

Энэ удаад Монголын баримтат богино кино төрөлд нэг л бүтээл уралдаант хэсэгт шалгарсан тул шилдэг монгол баримтат киноны шагнал олгохгүй аж. Харин тус төрөлд шалгарсан “Отор” хэмээх баримтат кино Жигжидсүрэнгийн нэрэмжит дээд шагналын төлөө өрсөлдөж буй юм.

 

Алтан хальс олон улсын кино наадам 2019 оны 6-р сарын 4-8-нд “iCinema” кино театрт болно.

Холбоотой мэдээ