Ч.Улаан: Махны үнэ өнөөдрөөс тогтворжино

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunbold@montsame.mn
2019-05-14 13:04:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын иргэдийн махны хэрэглээ хангамжийг сайжруулах, үнийг тогтворжуулахаар ажиллаж буй талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр мэдээлэв.


Нийслэлийн иргэд өдөрт 100-120 тонн мах хэрэглэдэг бөгөөд үүнийг нөөцийн мах, Хүчит шонхор зах болон хувийн хэрэглээ буюу иргэд өөрсдөө орон нутгаас мах авах гэсэн гурван эх үүсвэрээр хангадаг байна. Нөөцийн махыг өнгөрсөн сарын 15-наас эхлэн нийслэлийн төвийн зургаан дүүргийн 127 дэлгүүрээр борлуулж эхэлсэн бөгөөд үнэ нь зах зээлийн дунджаас 20-25 хувь хямд байгаа юм. Харин энэ сарын 9-12-нд нэлээд олон аймагт цасан шуурга болсны улмаас Хүчит шонхор захын махны нийлүүлэлт хомсдож, үнэ өссөн гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцлов.


Тэрбээр, “Түүнчлэн орон нутгийн авто замуудад мэргэжлийн хяналтын байгууллага хяналт, шалгалт хийж, гарал үүсэл нь тодорхойгүй махыг оруулаагүй. Үүнээс үүдэн зах зээлд нийлүүлдэг махны нийлүүлэлт 30-50 хувиар буурсан байна. Дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд Хүчит шонхор захаас их хэмжээний мах худалдан авч байгаа нь хомсдол үүсгэсэн гэсэн гомдол ирүүлсний дагуу шалгалаа. Мах экспортлох аж ахуйн нэгжүүд итгэмжлэгдсэн үйлдвэрээс махаа худалдан авах ёстой. Үүнийг зөрчсөн тохиолдол илэрсэн. Энэ бүх алдаа дутагдлыг засах ажлаа цаашид эрчимжүүлэх болно. ХХААХҮЯ-наас нийслэлд нийлүүлэх махны хэрэглээг нэмэх, аж ахуйн нэгжүүд Хүчит шонхор захаас мах худалдан авахыг таслан зогсоох зэрэг арга хэмжээ авснаар, өнөөдрөөс эхлэн махны үнэ тогтворжиж байгаа” гэлээ.


ХХААХҮЯ-ны судалгаагаар, одоо Хүчит шонхор худалдааны төвд хонины ястай мах нэг кг нь 8000-9500, Нарантуул захад 9500, Жуков худалдааны төвд 10500 байгаа юм. Харин үхрийн цул махны үнэ зах, худалдааны төвүүдэд 10000-13000 төгрөг байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс хонины махны үнэ 17 хувь, ямааны махны үнэ 28 хувь, үхрийн махны  үнэ 14 хувь, адууны махны үнэ 11 хувиар өссөн үзүүлэлт аж.


Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Өнгөрсөн онд нийт хэдэн тонн мах нөөцөлсөн бэ?


-2018 онд 4000 тонн мах нөөцөлсөн. Өнгөрсөн сарын 15-наас өнөөдрийг хүртэл нийт нөөцийн махны 22 хувийг борлуулаад байна. Энэ онд 10-12 мянган тонн мах нөөцлөх, үнийг тогтвортой байлгах зорилт тавин ажиллаж байгаа.


-БНХАУ-ын иргэд мах их хэмжээгээр худалдан аваад хавар өндөр үнээр борлуулдаг гэсэн мэдээлэл бий?


-Иргэдийн дунд ийм яриа бий. Гэхдээ нотлоогүй байна.


-Махны үнийг төр бодлогоор зохицуулах боломж бий юу?


-Зах зээлийн нийгэмд төр бүх бараа, бүтээгдэхүүний үнийг захиргааны аргаар зохицуулах боломжгүй. Гэхдээ мах, гурил зэрэг хүнсний нэн хэрэгцээт бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, үйлдвэрлэлийг нэмэхэд бодлогоор дэмжих ёстой юм.


-Махны ченжүүд үнийн өсөлтөд ихээхэн нөлөөлдөг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?


-ХХААХҮЯ-наас үйлдвэрлэгч болон хэрэглэгчийг шууд холбох зорилгоор Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бэлтгэл, нийлүүлэлт, хангамжийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.


-Өнгөрсөн онд гадаадад хэдэн тонн мах экспортолсон бэ?


-Өнгөрсөн онд 70 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргасны дийлэнхийг адууны мах эзэлсэн. Энэ оны эхний дөрвөн сард 8 мянган тонн мах экспортод гаргасан. Цаашдаа үе шаттай нэмнэ.

Холбоотой мэдээ