Төрийн дээд одон медалиар 70 гаруй хүн шагнуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-03-27 21:23:45

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медаль хүртсэн иргэдэд уг шагналыг гардуулах ёслол болов. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нарын аймгийн удирдлагууд гардуулж баяр хүргэлээ.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Л.Даваадулам, Р.Лхамсүрэн нарын долоон хүн, “Алтан гадас одон”-гоор Р.Маамуу , Д.Александр, М.Алмагүль нарын 28 хүн, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Р.Эрдэнэбаяр, А.Алтанцэцэг нарын 32 хүн, “Цэргийн хүндэт медаль”-иар А.Энхтүвшин,”Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор С.Хурц нар шагнагдаж нийт 70 орчим хүн төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.

Мөн Дархан-Уул аймгийн иргэн М.Хунлиуз нь улсад олон жил үр бүтээлтэй ажиллахын зэрэгцээ соёл урлагийн салбарт зүтгэж ард түмний сэтгэлд шингэсэн олон сайхан дууны хөгжим зохиож үндэсний урлагийг хөгжүүлж сурталчлах их үйлсэд онцгой гавьяа байгуулсаныг үнэлж Монгол Улсын “Соёлын гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдсан. Тэрбээр АНУ-д түр хугацаагаар яваа тул шагналаа хараахан аваагүй байна.

                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ